Австралийн Амбан Захирагч Саманта Мостин Монголд: Хамтын ажиллагааны шинэ эрин эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Австралийн Амбан Захирагч Саманта Мостин Монголд: Хамтын ажиллагааны шинэ эрин эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан Захирагч Саманта Мостин 2025 оны 9-р сарын 4-9-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр өчигдөр Монголд хүрэлцэн иржээ.

Саманта Мостин болон түүний нөхөр Симеон Бэкэтт нарыг “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лео Зенг нар угтан авсан байна.

Энэхүү айлчлал нь Австралийн Амбан Захирагчийн түвшинд 31 жилийн дараа болж буй онцгой үйл явдал бөгөөд Монгол Улсын Энэтхэг, Номхон Далайн бүс нутаг дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Австралитай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Айлчлалын гол зорилго:

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Амбан Захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд дээшлүүлэхээр тохиролцоог баталгаажуулна.
  • Улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх.
  • Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэнэ.

Айлчлалын хүрээнд Саманта Мостин Монголд хэрэгжиж буй Австралийн төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцаж, бизнесийн төлөөлөгчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.

Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны 9-р сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд одоогоор Австралид 22,000 гаруй Монголын иргэн оршин сууж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлжээ.

Анхааруулга: Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Сошиал болон Вэб хуудаснууд) энэхүү мэдээллийг бүрэн буюу хэсэгчлэн ашиглахыг хориглоно. Зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) заавал дурдан ашиглана уу!

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй