Австрид нэрээ нууцалсан этгээд 25 жилийн турш эмэгтэйчүүдэд заналхийлсэн захидал илгээж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Австрид 25 жил эмэгтэйчүүдэд заналхийлсэн захидал иржээ

Австри улсад хэдэн арван эмэгтэйчүүд сүүлийн 25 жилийн турш айдас дунд амьдарч байна. Тэдний шуудангийн хайрцагт доромжлол, заналхийлэл бүхий нэр хаяггүй захидлууд тасралтгүй ирсээр байгаа талаар Medee.news агентлаг Heute порталаас иш татан мэдээллээ.

Каринти мужийн Гурк хөндийн 30 гаруй эмэгтэй 2000-аад оны эхэн үеэс хойш иймэрхүү аймшигтай ил захидал, бичгүүдийг хүлээн авсаар иржээ. Эдгээр захидалд тэднийг доромжилсон, үзэн ядсан үгсээс гадна хувийн амьдралынх нь нарийн ширийн зүйлсийг дурдсан байдаг нь хохирогчдыг маш ихээр айлгадаг байна. Зарим эмэгтэйчүүд үүнээс болоод гэрээсээ гарахаас болон шуудангаа шалгахаас ч зүрхшээдэг болсноо хүлээн зөвшөөрчээ.

“Би ийм заналхийлэл хүлээж аваад маш их цочирдож, уйлсан. Захидалд намайг доромжлохоос гадна хувийн амьдралын минь тухай нарийн мэдээллүүд байсан” гэж хохирогчдын нэг нь ярьсан байна.

Эдгээр захидлууд тогтмол бус хугацаанд ирдэг бөгөөд заримдаа хэдэн сар, бүр хэдэн жилийн нам гүм байдлын дараа дахин гарч ирдэг аж. Цагдаагийн байгууллага уг хэргийг олон жилийн турш мөрдөж байгаа боловч илгээгчийн хэн болохыг одоог хүртэл тогтоож чадаагүй байна. Захидлын гар бичмэл болон найруулгын хэв маяг бараг өөрчлөгдөөгүй байгаа нь энэ бүхний ард нэг л хүн, магадгүй нутгийн оршин суугчдын нэг байгаа гэх таамаглалыг төрүүлж байгаа юм.

Хохирогч эмэгтэйчүүд захидал илгээгчийг хаашаа ч алга болоогүй, хэзээ ч дараагийн захидал шуудангийн хайрцагт нь ирж магадгүй гэдэгт итгэлтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй