Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Тус айлчлал нь хоёр улсын хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, бүс нутгийн болон олон улсын чухал асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Ерөнхийлөгч нарын албан ёсны хэлэлцээний үеэр эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг сэдвээр санал солилцохоор төлөвлөжээ.
Айлчлалын хүрээнд талууд Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал, мөн нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг олон салбарт харилцааг гүнзгийрүүлэх зорилго бүхий баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Мөн хоёр орны удирдагчид хамтарсан хэвлэлийн хурал хийх төлөвтэй байна.
Австри, Монгол хоёр улс 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилж буй түүхэн үйл явдал болж байна.