Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар боловсруулж, Засгийн газарт хүргүүлээд байгаа бөгөөд удахгүй УИХ-д өргөн баригдах юм. Уг төсөлд 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан үзэгчгүй зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд нөхөж цол олгох заалт тусгагджээ. Тухайн барилдаан нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уламжлалт наадам зохион байгуулагдаагүй тул нөхөн барилдаан хэлбэрээр явагдаж, бөхчүүд батламж хүлээн аваад өнгөрсөн байдаг. Тухайн жилд морь, сурын уралдааныг нөхөн зохион байгуулж, уяачид, харваачид болон зарим бөхчүүд цол чимгээ хүртсэн ч барилдаанд шөвгөрсөн зарим бөх цолгүй хоцорсон нь маргаан дагуулсаар ирсэн.
Хэрэв хуулийн төсөл УИХ-аар дэмжигдвэл 2021 оны уг барилдаанд амжилт гаргасан, тухайлбал ес даван түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цол, найм даван үзүүрлэсэн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын харцага Э.Ууганбаяр улсын гарьд цол, мөн их шөвөгт шалгарсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Т.Довчинсэмбээ нар улсын заан цол хүртэх боломжтой болно. Үүнээс гадна барилдааны амжилтаар улсын харцага, өсөх идэр зэрэг нэмэлт чимэг хүртэх олон бөх байгааг нэр заан онцолсон.
Харин уг барилдаанд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд цол олгох боломжгүй бөгөөд уг асуудал хуулийн төсөлд тусгагдсан. Мөн тэдгээрийн эсрэг барилдаж давсан бөхчүүдэд нөхөж чимэг олгох зохицуулалтыг мөн багтаасан байна.
Төслийн нэг чухал шинэ заалт нь цаашид наадмын дараа допингийн шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор цолны үнэмлэх, тэмдгийг батламжийн үндсэн дээр олгодог болох юм. Энэ нь ирээдүйд төстэй нөхцөлд үүсэх эргэлзээг үгүй хийж, цол олголтыг тодорхой болгоход чиглэжээ.
Ийнхүү хуулийн төсөл батлагдвал, Б.Бат-Өлзий энэ жилийн улсын их баяр наадамд улсын арслан цолтойгоор зодоглох боломж бүрдэх юм. Энэ нь зөвхөн түүний хувьд төдийгүй 2021 оны нөхөн наадмаар амжилт үзүүлсэн олон бөхийн хувьд шударга ёсыг сэргээх чухал алхам болох юм.