Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай компанийн ойрын хугацаанд хэрэгжүүлэх шинэ чиглэлүүд, нислэгийн сүлжээний өөрчлөлт, мөн байгууллагын бодлогын талаар ярилцлаа.
Сэтгүүлчийн асуултад тэрээр Засгийн газраас төрийн өмчит томоохон компаниудын тодорхой хувийг олон нийтэд нээлттэй болгох санаачилгыг зөв хэмээн үзэж буйгаа хэллээ. Түүний тайлбарласнаар хувьчлах болон олон нийтэд нээлттэй болгох нь хоёр өөр ойлголт бөгөөд олон нийтэд нээлттэй болсон компани санхүүгийн тайлан болон бусад мэдээллээ ил тод болгож, хувьцаа худалдан авах эсэхээ хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдэх боломжтой болно. Энэ нь компанийн засаглалыг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Харин хувьчлалын хувьд өнгөрсөн 30 гаруй жилд төрийн өмчит компаниудын дунд сайн, муу жишээ аль аль нь байсан тул болгоомжлох шаардлагатай гэв.
Төрийн байгууллагын албан хаагчдын 9 хувийг цомхотгох асуудалд МИАТ-ийн зүгээс эсрэг байр суурьтай байгаа аж. Б.Мөнхтамирын хэлснээр компанид хүний нөөцийн дутагдал бий бөгөөд сүүлийн жилүүдэд онгоцны тоо эрс нэмэгдэж, 2023 онд дөрвөн онгоцтой байсан бол одоо арав болжээ. Үүнтэй зэрэгцэн нисгэгч, үйлчлэгч, инженер, техникийн ажилтнуудын хэрэгцээ өссөн тул үйлдвэрлэлийн нэгжид ажиллаж буй боловсон хүчнийг цомхотгох боломжгүй гэлээ. Одоогоор компанид 1,098 орон тоо байгаагаас 945 нь үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнууд юм.
Шинэ чиглэлийн тухайд энэ онд Улаанбаатар–Шанхайн чиглэлийг нээж, тогтмол нислэг үйлдэж эхэлсэн бол наймдугаар сарын сүүлээр Улаанбаатар–Эрээн чиглэл нээхээр төлөвлөж байна. Мөн арваннэгдүгээр сарын 4-нөөс Улаанбаатар–Сингапурын чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Америк руу шууд нислэг нээх асуудал олон жил яригдсан бөгөөд Б.Мөнхтамирын хэлснээр одоо энэ ажлыг эхлүүлэх хамгийн тохиромжтой нөхцөл бүрдээд байна. Тэрээр геополитикийн нөхцөл байдал, АНУ болон БНХАУ-ын хоорондын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас хоёр орны хооронд нислэгийн давтамж эрс буурсан нь МИАТ-д боломж нээж байгаа гэж онцоллоо. Өмнө нь долоо хоногт 60 гаруй нислэг үйлдэгддэг байсан бол одоо 20 орчим болж буурсан бөгөөд энэ нь Зүүн Өмнөд Азийн орнуудаар дамжин АНУ руу нислэг хийх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
МИАТ компанийн зүгээс АНУ руу нислэг эхлүүлэх бэлтгэл ажлаа дуусгасан бөгөөд одоо Иргэний Нисэхийн Ерөнхий Газар АНУ-ын Иргэний нисэхийн байгууллагын шаардлагын дагуу шалгуулж байгаа аж. Шалгалт дууссаны дараа Монгол Улс нэгдүгээр зэрэгт багтвал АНУ руу шууд нислэг үйлдэх эрхтэй болно. Тус компани холын зайд нислэг үйлдэх боломжтой өргөн биет гурван онгоцтой байна.
2 комментария
МИАТ хамрах хүрээгээ тэлж байгаа нь үнэхээр сайхан!
Тэд ажилчдаа цомхотгохыг хүсэхгүй байгаа нь үнэн