“Монгол адууны диваажин” бодлого, хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрах өнөөдөр /2025.06.16/ “Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх тухай” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр малын хулгайн гэмт хэрэг улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд ноцтой нөлөө үзүүлж буйг анхааруулан, үр дүнгүй хууль, сул хамгаалалт, хяналтгүй худалдааны тогтолцоо нь энэ төрлийн гэмт хэрэг гаарахад нөлөөлж буйг онцоллоо.
Монголд бүртгэгдэж буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувь нь зөвхөн адууны хулгай байдаг бөгөөд энэ нь ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан ёсны тоон дээр үндэслэсэн үзүүлэлт гэдгийг тэрбээр онцолжээ. Харамсалтай нь эдгээр хэргүүдийн илрүүлэлт дөнгөж 29 хувь, харин хохирлыг нөхөн барагдуулах явц ердөө 5 хувьтай байдаг байна.
Б.Наранбадрах “Хохирсон малчид төрд итгэл алдаж, өөр аймаг руу эсвэл хот руу нүүж байна. Энэ бол зөвхөн малаа алдсаны хохирол биш, амьдралын нөхцөл, итгэл, орон нутгийн бүтцэд шууд нөлөөлдөг нийгмийн асуудал болсон” хэмээн онцоллоо. Тэрбээр Швейцарын хөгжлийн агентлагийн судалгаанд үндэслэн, сүүлийн жилүүдэд хөдөөнөөс Улаанбаатар руу нүүж буй хүмүүсийн 37 хувь нь малын хулгайн хохирогч эсвэл түүнээс айсан иргэд байсан хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн малын гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлж, E-Mongolia дээр суурилсан “Монгол малчны аппликэйшн” нэвтрүүлснээр, махны гарал үүсэл тодорхойгүй худалдан авалтыг багасгаж, хулгайн махны эргэлтийг хязгаарлах боломжтойг дурдав. “Лангуу, бой, зах дээр малын гарал үүсэл нь тодорхойгүй мах худалдаж авч байгаагүй бол, бид хулгайчийг хооллож байхгүй. Хэн гэдэг малчны ямар адуу вэ гэдгийг мэддэг болчихвол л асуудлын үндсийг хянаж чадна” хэмээн онцолжээ.
Мөн одоогийн хуулийн зохицуулалтад сэжигтнийг гадуур байцаадаг нь хөдөөгийн нөхцөлд маш сул хамгаалалт болж хувирч байгааг тэрээр шүүмжиллээ. “Малын хулгайн хэрэгт холбогдсон этгээд гадуур байцаагдаж, сүлжээгүй хөдөө нутгаар зүгээр л явж байхад хэн ч хянаж чадахгүй” гэж хэлэв.
Тэрбээр төрд найдах найдлага нь буурч байгааг илэрхийлж, малчид болон худалдан авагчид өөрсдөө нийлж, гарал үүслийн баталгаатай худалдааны систем бий болгох нь гарц болохыг онцлон хэлсэн. “Зах зээлийн нийгэмд мал бол малчны өмч. Харин тэр өмчөөр нь дамжсан бизнес, худалдаа нь бодлогын төвшинд хянагдахгүй бол хулгай бүр ч эрчимжинэ” хэмээн сануулжээ.
Малын хулгайн эсрэг бодлого боловсруулах хүрээнд “Монгол адууны бодлого”, “Малчны 10 бодлого” гэх санаачлагуудыг Засгийн газарт танилцуулсан бөгөөд эдгээр бодлогын гол агуулга нь худалдааг зохион байгуулалттай, ил тод болгоход чиглэж байгааг тэрээр тайлбарлалаа.