The MongolZ: “Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, авах ч үгүй”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Баг MongolZ: “Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, авах ч үгүй”

Сайд Ч.Ундрамын мэдэгдлийг няцаав

Монголын e-sports-ын төлөөлөл болсон The MongolZ баг Соёлын сайд Ч.Ундрамын хэвлэлд өгсөн ярилцлагын зарим хэсгийг няцааж, албан мэдэгдэл гаргалаа.

Ч.Ундрамын хэлснээр:

  • Ч.Номин сайдын үед Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-гоор дамжуулан багт тодорхой хэмжээний санхүүжилт олгосон.
  • УИХ-ын гишүүн Сайнзоригийн саналын дагуу The MongolZ-ийг Соёлын элчээр батлуулах хүсэлт Гадаад хэргийн яаманд хүргэгдсэн.
  • Мөн багийг байгуулсан холбооны Удирдах зөвлөлд төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн хүн ажилладаг тул улс төрийн нөлөөтэй гэж таамаглаж буйгаа дурдсан.

Тэрбээр “Өөрсдийнхөө хүсэл сонирхлоор спортоор хичээллэж, олон улсад амжилт гаргасан ч гэсэн татвар төлөгчдийн мөнгөнөөс заавал урамшуулал олгох албагүй” гэж ярьсан нь маргаан дагуулсан юм.

The MongolZ-ийн хариу мэдэгдэл

Энэ мэдэгдлийн дараа багийнхан албан ёсны тайлбар хийж, дараах байр суурийг илэрхийллээ:

“1. The MongolZ Esports татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Цаашид ч авахгүй.
2. Манай арын албанд улс төрийн ямар нэг хүн ажиллаж байгаагүй, ажиллах ч үгүй.
3. Бид аливаа холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бүрэн бие даан явуулдаг. Цаашид ч харьяалагдахгүй.”

Ингэснээр The MongolZ баг төрийн мөнгөнөөс дэмжлэг авсан гэх хардлагыг эрс няцааж, улс төрийн нөлөөлөлгүйгээр бие даан үйл ажиллагаа явуулдгаа ил тод мэдэгдэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй