Боловсролын салбарын багш нар өнөөдөр Боловсролын яамны гадаа цугларч, салбарын сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг шаардав. Тэдний тавьсан гол шаардлага нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх болон цалингийн бодитой өсөлтийг хэрэгжүүлэх явдал юм. Хэрэв энэ асуудалд дорвитой хариу өгөхгүй бол есдүгээр сараас ажил хаялт зарлана гэдгээ багш нар мэдэгдлээ.
Багш нарын төлөөллийн хэлснээр, яамнаас танилцуулсан тоон үзүүлэлтүүд нарийвчилсан тайлбаргүй, төсвийн задаргаа тодорхой бус байна. Хичээл практикийн болон эрүүл мэндийн зардлууд нь төсөвт тусгагдаагүйг тэд онцолжээ. Мөн багшийн мэргэжлээр сурч буй оюутнуудыг дөрвөн жил үнэгүй сургах бодлогыг зогсоож, уг хөрөнгийг багш нарын цалинд зарцуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Харин Боловсролын яамны зүгээс “Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний санхүүжилт тухайн жилийн 3, 6, 9, 12 дугаар саруудад олгогддог тул өөр хугацаанд өгөх боломжгүй. Ур чадварын нэмэгдлийг нийтэд нь олгож байгаа бөгөөд цэцэрлэгийн багшийн илүү цагийг үндсэн цалинд нь шингээх саналыг хэлэлцэж байна” гэж тайлбарлалаа.
Гэвч багш нар энэ тайлбарт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэв. “Гүйцэтгэлийн үнэлгээ шударга бус. Жилүүдийн ялгаа харгалзахгүй, гурван жил ажилласан багш өндөр үнэлгээ авчихаад, гучин жил ажилласан багш түвшин ахиулаагүй жишээ олон байна. Сайн багш нар Солонгос руу гарч ажиллахад хүрч байна” гэж багш нарын төлөөлөл хэллээ.
Уулзалтын үеэр маргаан ширүүсэж, эмх замбараагүй байдал үүссэн тул ярилцлага үр дүнтэйгээр үргэлжилсэнгүй.