Бангладешийн Агаарын цэргийн хүчний сургалтын онгоц нийслэл Дака хотын их сургуулийн хотхонд осолдсоны улмаас 27 хүн амь насаа алдаж, 88 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, “F-7 BGI” загварын онгоц 2025 оны 7-р сарын 21-ний Даваа гаригт 13:06 цагт Дака дахь Курмитола агаарын баазаас ердийн сургалтын нислэг үйлдэхээр хөөрсөн ч удалгүй осолдсон байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан онгоцонд техникийн асуудал гарсан гэж мэдээлсэн бөгөөд нисгэгч ослын үеэр амиа алджээ.
Эрүүл мэндийн тусгай туслах Сайедур Рахман сэтгүүлчдэд хэлэхдээ, “Харамсалтайгаар 27 хүн амиа алдсан нь үнэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 88 хүнд түлэгдэлтийн зэргийг бууруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийж байна” гэжээ.
Бангладешийн Засгийн газар энэхүү эмгэнэлт үйл явдлын улмаас улс даяар гашуудлын өдөр зарлаж, төрийн далбааг хагас буулгасан байна. Мөн тус улсын бүх мөргөлийн газруудад тусгай залбиралын ёслол зохион байгуулжээ.
Одоогоор эрх баригчид онгоцны техникийн гэмтлийн шалтгааныг тогтоохоор идэвхтэй ажиллаж байна.
“F-7 BGI” нь Хятадын “Chengdu J-7/F-7” онгоцны хамгийн сүүлийн үеийн, сайжруулсан хувилбар юм. Бангладеш 2011 онд Хятад улстай 16 онгоц нийлүүлэх гэрээ байгуулж, 2013 онд нийлүүлэлтийг бүрэн дуусгасан байна.