Монголчууд үндэсний бөхөө эрхэмлэж, хүч чадал, нэр хүндийг нь бэлгэдэн хүүхдэдээ алдарт бөхчүүдийн нэрийг өгөх уламжлалтай ард түмэн билээ. Тухайн жилийн Улсын наадмын түрүү бөхийн нэрийг шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хайрлах хандлага сүүлийн жилүүдэд улам эрчимжиж байна.
2025 оны Улсын их баяр наадмын түрүү бөх, Улсын арслан Э.Батмагнай-н нэр хамгийн эрэлттэй нэрийн нэг болжээ. Статистик мэдээллээс үзэхэд “Батмагнай” нэрийн хэрэглээ сүүлийн зургаан жилд эрс өссөн байна.
2019 онд улсын хэмжээнд “Батмагнай” нэрийг ганц хүүхдэд өгч байсан бол 2020 онд хоёр, 2021 онд дөрөв, 2022 онд 10, 2023 онд 24, 2024 онд 39 болж нэмэгджээ. Харин 2025 онд энэ тоо урьд жилүүдийн дээд амжилтыг хэд дахин давж, 157 хүүхэд “Батмагнай” нэртэй болж бүртгэгдсэн байна.
Энэ нь монголчууд үндэсний спортын баатруудаа хүндэтгэх сэтгэл, бахархлаа нэр өгөлтийн соёлоор дамжуулан илэрхийлж байгааг харуулж байна.