Өмнөд Америкийн хамгийн жижиг гэгддэг Суринам улсад өчигдөр буюу Ням гарагт парламентын сонгууль албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сонгууль нь тус улсын хувьд эдийн засгийн ирээдүй, ядуурлаас гарах төлөвлөгөө, тэр дундаа газрын тосны баялгийн тэгш хуваарилалтыг шийдэх түүхэн сонголт болж байна.
Хэдийгээр Суринам байгалийн баялагтай ч өнөөдрийн байдлаар 600,000 орчим хүн амынх нь 20 хувь ядуурлын түвшинд амьдарч, инфляц болон өрийн дарамтад өртөөд буй. Гэхдээ саяхан тус улсын эргийн ойролцоо шинээр илэрсэн асар том газрын тосны орд ард иргэдэд эдийн засгийн боломж нээж, улс орны нөхцөл байдлыг эргүүлэх найдвар төрүүлээд байна.
Энэ удаагийн сонгуулиар парламентын 51 суудлын төлөө өрсөлдөөн өрнөж буй бөгөөд сонгогдсон парламент шинэ ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай томилох юм. Одоогийн ерөнхийлөгч Чан Сантохи өнгөрсөн долоо хоногт гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ орд бол манай улсын хувьд асар их баялаг юм. Бид одоо ард түмнийхээ төлөө илүү ихийг хийж чадахаар болж байна. Ингэснээр хүн бүр улс орныхоо өсөлтийн нэг хэсэг байж чадах юм” хэмээн онцолж, сонгогчдоос өөрт нь “эхлүүлсэн ажлаа дуусгах” боломж өгөхийг хүссэн байна.
Шинжээчдийн тооцоолсноор Суринам улс ойрын арван жилд газрын тосны шинэ ордоос олон тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Өнгөрсөн онд Францын TotalEnergies компани тус улсын эрэг орчмоос өдөрт 220,000 баррель газрын тос олборлох 10.5 тэрбум ам.долларын төсөл эхлүүлэхээр болсон бөгөөд олборлолт 2028 онд эхлэх хүлээлттэй байна.
Газрын тосны ашиг орлого иргэдэд шууд очих хэлбэрээр хүргэгдэнэ хэмээн эрх баригчид мэдэгдээд байгаа бөгөөд “Бүгдэд зориулсан рояалти” нэртэй тусгай сангаар дамжуулан иргэдийн гарт бэлэн мөнгө хуваарилах бодлого боловсруулагдаад байна.
Ням гарагийн сонгуульд нийт 14 улс төрийн нам өрсөлдөж байгаа бөгөөд гол өрсөлдөөн ерөнхийлөгч Сантохигийн удирддаг төвийн чиг баримжаатай VHP нам, парламентын спикер Женифер Саймонсын тэргүүлдэг зүүний чиг баримжаатай NDP, мөн дэд ерөнхийлөгч Ронни Брунсвикийн ABOP намын хооронд өрнөж байна. Хэрэв намуудын аль нэг нь парламентын үнэмлэхүй олонхыг бүрдүүлж чадахгүй бол хамтарсан засгийн газар байгуулагдах нөхцөл үүснэ.
Суринам улс нь Энэтхэг, Индонез, Хятад, Нидерландын удамтнууд, Африкийн боолын үр удам, нутгийн уугуул иргэдийн соёлын холимог бүтэцтэй, онцлог ард түмэнтэй. Ирэх арваннэгдүгээр сард тус улс Голландын колоничлолоос тусгаар тогтнолоо зарласны 50 жилийн ойг тэмдэглэх гэж байна.
Санхүү, дэд бүтцийн хувьд Суринам Хятадтай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2019 онд “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн Латин Америкийн анхны орнуудын нэг болсон. Харин АНУ ч энэ бүс нутагт Хятадын нөлөөг сөрөх алхам хийж, гуравдугаар сард Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Суринамд айлчилсан нь анхаарал татсан явдал байв.