Баян-Өлгийд үе солих, хавдрын мэс засал хийх боломж бүрдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын нээлтэд оролцлоо. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус эмнэлгийн нөхцөл байдалтай танилцан, 150 ортой шинэ эмнэлэг байгуулах шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.

Өмнөх эмнэлгийн барилга нь ашиглалтын хугацаа дууссан, агааржуулалтын системгүй, тоног төхөөрөмжийн хувьд хоцрогдсон байв. Мөн ганцхан хагалгааны өрөөтэй байсан тул яаралтай болон төлөвлөгөөт мэс засал хойшлох, иргэд цаг алдах нөхцөл үүсдэг байсан. Цар тахлын улмаас бүтээн байгуулалт удааширсан ч 2020 онд 4.6 тэрбум төгрөгөөр Хүүхдийн 50 ортой эмнэлгийг, харин энэ удаа 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа.

Шинэчлэлийн үр дүнд:

  • Үе солих болон хавдрын мэс заслыг орон нутагт хийх боломжтой болов
  • Яаралтай болон төлөвлөгөөт хагалгааг зэрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэв
  • Агааржуулалтын нэгдсэн систем, вакуумжуулсан хагалгааны өрөөнүүдтэй болов

Ингэснээр иргэд Улаанбаатар хотыг зорихгүйгээр орон нутагтаа чанартай тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгааг Ерөнхийлөгч онцолсон. Мөн цаашид компьютер томограф, ангиографын төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг улсын төсөвт тусгуулахад анхаарахаа илэрхийллээ.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1940 онд 15 ортой “Докторын эмнэлэг” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй бөгөөд өнөөдөр 447 ор, 23 тасаг нэгж, 7 алба, 504 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй