Дэвид болон Викториа Бэкхэмийн гэр бүл, тэдний ууган хүү Бруклин болон бэр Никола Пэлтц нарын хооронд үүсээд буй таагүй харилцаа олон улсын шар хэвлэлүүдийн гол сэдэв болоод байна. Энэхүү дуулианы үеэр Николагийн аав, тэрбумтан Нельсон Пэлтц удаан хугацаанд чимээгүй байсны эцэст өөрийн байр сууриа анх удаа илэрхийллээ.
Өдгөө 83 настай тэрээр саяхан болж өнгөрсөн “WSJ Invest Live” арга хэмжээнд оролцох үеэрээ охиныхоо талаарх асуултад хариулсан юм. Тэрээр эхлээд “Манай гэр бүлийн тухай хэвлэлүүдээр гараад байгаа юм уу? Би ер анзаараагүй юм байна” хэмээн хошигнож, үүсээд буй нөхцөл байдалд тун тайван хандаж буйгаа харуулжээ. Тэрбумтан эр Никола болон Бэкхэмийн гэр бүлийнхний асуудлыг олон нийтийн өмнө дэлгэрэнгүй ярих нь тохиромжгүй гэж үзсэн ч дараах зүйлсийг онцолсон байна:
- Хэвлэлийн дарамт: Охиндоо хандан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн хэл амнаас аль болох хол байхыг зөвлөсөн.
- Гэр бүлийн дэмжлэг: Николаг ямар гайхалтай нэгэн болохыг бахархан ярьж, охиноо үргэлж өмгөөлөхөд бэлэн байгаагаа илэрхийлэв.
- Хүргэний үнэлэмж: Хүргэн хүү Бруклинийг нь тун гайхалтай залуу гэдгийг дурдаад, залуу хосыг урт удаан, аз жаргалтай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа хэлжээ.
Нөгөө талдаа Бруклин Бэкхэмийн зүгээс гаргасан сүүлийн үеийн үйлдэл сошиал ертөнцөд жинхэнэ тэсрэлт хийгээд байгаа билээ. Тэрээр өөрийн ээж Викториа Бэкхэмийг хуримынх нь үеэр зүй бус авир гаргаж, баярт мөчийг нь сүйтгэхийг оролдсон хэмээн инстаграм хуудаснаа ил тод бичсэн юм. Улмаар өөрийн гэр бүлийнхнийг цахим хуудаснаасаа бүгдийг нь блоклосон нь энэхүү хагарлыг улам гүнзгийрүүлсэн бөгөөд алдартнуудын гэр бүлийн маргаан цаашид хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг татсаар байна.
