Дэлхийн хөгжмийн ертөнцийн супер од Рианнагийн Беверли-Хиллс дэх гэр рүү гал нээж, амь насанд нь халдахыг завдсан хэрэгт сэжиглэн 35 настай эмэгтэйг баривчилсан тухай Лос-Анжелес хотын цагдаагийн газраас мэдээлэв. Хэрэгт холбогдогч Иванна Лизетт Ортиз гэгчийг одоогоор саатуулаад байгаа бөгөөд түүнийг батлан даалтаар суллах мөнгөн дүнг 10.2 сая ам.доллароор тогтоожээ.
Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн ням гарагийн 13:15 цагт ирсэн дуудлагын дагуу хэргийн газарт шуурхай очсон байна. Хэргийн талаарх зарим баримтуудыг дурдвал:
- Зэвсэглэл: Сэжигтэн этгээд дуучны гэр рүү AR-15 загварын хагас автомат винтовоор гал нээсэн байна.
- Хохирол: Халдлага болох үед Рианна гэртээ байсан боловч азаар бэртэж шархдаагүй, биеийн байдал нь зүгээр байгаа аж.
- Баривчилгаа: Сэжигтний хөлөглөж явсан цагаан өнгийн Tesla автомашиныг хэргийн газраас 12 км-ийн зайд орших “Sherman Oaks Galleria” худалдааны төвөөс илрүүлж, эмэгтэйг тэндээс баривчилжээ.
“Fox News” агентлагийн мэдээлснээр Иванна Лизетт Ортиз нь Флорида муж улсын Орландо хотын оршин суугч бөгөөд халдлага үйлдэх болсон сэдэл нь одоогоор тодорхойгүй, мөрдөн байцаалтын шатанд байна.
Рианна болон түүний хамтрагч A$AP Rocky нар өнгөрсөн оны есдүгээр сард гурав дахь хүүхэд болох Роки охиноо өлгийдөн авсан билээ. Хоёр хүүгийн хамт өнөр өтгөн амьдарч буй хосууд хамгийн сүүлд “Met Gala” ёслолын үеэр жирэмсэн болсон тухайгаа албан ёсоор зарлаж байсан юм.