ФИФА-ийн клубуудын Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн АНУ-д болж байна. Энэ тэмцээнд 32 шилдэг баг оролцож байгаа бөгөөд тэдний дунд сонирхогчдын статустай ганцхан баг нь Шинэ Зеландын “Окленд Сити” юм. Тус баг анхны тоглолтоо Германы алдарт «Бавари»-д 0:10-ээр, дараа нь Португалын “Бенфика”-д 0:6-аар хожигдсон. Гэхдээ хэсгийн сүүлчийн тоглолтоо Аргентины “Бока Хуниорс”-тай хийж, 1:1-ээр тэнцсэн.
Энэ тэнцээний гоолыг Шинэ Зеландын багийн хамгаалагч Кристиан Грэй оруулсан бөгөөд тэрээр биеийн тамирын багш мэргэжилтэй хүн юм. Грэй нь анхны тэнцээ, анхны оноог авчирч, багийнхаа дансанд 1 сая долларын шагналын мөнгө оруулжээ.
ФИФА-аас тэмцээний хэсгийн тоглолтод оноо авсан баг бүрт мөнгөн урамшуулал өгч байгаа бөгөөд тэнцээнд 1 сая доллар, хожилд 2 сая доллар өгдөг. Тэгэхээр “Окленд Сити” баг 3,58 сая ам.доллар, нийтдээ 4,58 сая ам.долларын орлоготой нутаг буцаж байна. Энэ нь тус багийн долоон жилийн төсөвтэй тэнцэх дүн юм.
Гэхдээ Шинэ Зеландын багийнханд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь алдарт «Бавари», «Бенфика»-тай өрсөлдөж, домогт Диего Марадонагийн тоглож явсан “Бока Хуниорс”-тай тэнцсэн түүхийг насан туршдаа ярьж, дурсаж явах нь мэдээж.