АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороонд ирж, дуулиант санхүүч Жеффри Эпштинтэй холбоотой асуудлаар зургаан цаг үргэлжилсэн мэдүүлэг өглөө. Тэрээр эхэндээ улс төрийн зорилготой хэмээн үзэж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан ч шүүхийн шахалтаар ийнхүү тайлбар хийсэн байна.
Мэдүүлгийн үеэр Б.Клинтон өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдолгүй, болж буй үйл явдлын талаар мэдээлэлгүй байсан гэдгээ дараах байдлаар илэрхийлэв:
- Харилцааны хугацаа: Эпштинтэй 2000-аад оны эхээр танилцаж, 2002-2003 онд түүний хувийн онгоцоор нисэж байсан ч 2006 онд хэрэг мандахаас өмнө харилцаагаа бүрэн тасалсан гэж мэдүүлжээ.
- Мэдээлэлгүй байдал: “Би юу харснаа мэдэж байна, хамгийн гол нь юу хараагүй вэ гэдгээ сайн мэдэж байна. Би ямар ч муу зүйл хийгээгүй” хэмээн Эпштиний гэмт хэргийн талаар ямар ч төсөөлөлгүй байснаа баталсан байна.
- Гэрэл зургийн тайлбар: Усан санд нэгэн эмэгтэйн хамт авахуулсан зургийнхаа тухайд тухайн хүнийг танихгүй бөгөөд ямар нэгэн холбоогүй гэж хариулжээ.
Хэрэгт цугларсан материалуудаас үзэхэд тэдний танил талын холбоо 2000-аад оны эхээр нэлээд идэвхтэй байсан нь тогтоогдсон байдаг. Гэвч Билл Клинтон тухайн үед санхүүчийн хувийн амьдрал болон нууц үйл ажиллагааны талаар юу ч мэдээгүй гэх байр сууриа хатуу хадгалсаар байна.