2025 оны наймдугаар сарын 14-нд биткойны ханш 124,002.49 ам.долларт хүрч, өмнөх бүх дээд амжилтыг шинэчлэв. Ази дахь арилжааны эхэн үед ханш 0.9%-иар өссөн бөгөөд энэ нь 2024 оны долдугаар сард тогтоосон оргил түвшинг давсан үзүүлэлт юм. Өсөлтөд Холбооны нөөцийн системийн мөнгөний бодлогын зөөлрөлт, институцийн худалдан авалт нэмэгдэх хандлага болон Трампын засаг захиргааны криптовалютын зах зээлийг дэмжих алхмууд нөлөөлсөн байна.
Тухайн өдөр Ether-ийн ханш мөн 4,780.04 ам.долларт хүрч, 2021 оны сүүлээс хойшхи хамгийн өндөр түвшинд хүрэв.
IG зах зээлийн шинжээч Тони Сайкамор:
“Хэрэв ханш 125,000 ам.доллараас дээш тогтвортой хадгалагдвал биткойн 150,000 ам.долларт хүрэх боломжтой” гэж мэдэгдлээ.
Трамп ба крипто өсөлт
2025 оны эхээр Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш биткойны ханш 32%-иар өссөн. Түүнийг “крипто-ерөнхийлөгч” гэж нэрлэх болсон бөгөөд түүний гэр бүл ч криптовалютын салбарт оролцох сонирхлоо илэрхийлжээ.
CoinMarketCap-ийн мэдээлснээр, криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны арваннэгдүгээр сард 2.5 их наяд ам.доллар байсан бол өнөөдөр 4.18 их наяд ам.долларт хүрсэн байна.
Саяхан гарсан гүйцэтгэх тушаалаар тэтгэврийн дансанд криптовалютын хөрөнгө оруулалтыг илүү хүртээмжтэй болгосон нь BlackRock, Fidelity зэрэг хөрөнгийн менежментийн компаниудад шинэ боломж нээжээ.
Эрсдэл хэвээр
Гэсэн ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар криптовалют нь өндөр хэлбэлзэлтэй тул тэтгэврийн хөрөнгийн эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай.
2024 оны арванхоёрдугаар сараас хойш биткойн 30%-иар өсөж, 2024 оны долдугаар сард түүхэндээ анх удаа 120 мянган ам.долларын түвшинг давсан билээ.