БНХАУ-ын парламент жил бүрийн ээлжит чуулганыхаа сүүлийн өдөр “Үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийг дэмжих тухай” олны анхаарал татсан хуулийг баталлаа. Энэхүү баримт бичиг нь тус улсын 55 цөөнх үндэстэнд чиглэсэн төрийн бодлогыг үндсээр нь өөрчилж буй хэрэг юм. Санал хураалтад 2,756 төлөөлөгч оролцсоноос ердөө гурав нь татгалзсан бөгөөд уг хууль нь Хятадын Коммунист Намыг (ХКН) төв цэгээ болгосон нэгдмэл ижилсэл бий болгоход чиглэжээ.
Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ дүрэм нь цөөнх үндэстнүүдийн хэлийг нийгмийн амьдралаас шахан гаргахад чиглэж байна. Үүний дагуу мандарин хэл (хятадын албан ёсны хэл) нь бүх шатны сургуулийн сургалтын үндсэн хэл болоод зогсохгүй албан хэрэг хөтлөлтийн цорын ганц хэл болох юм. Орон нутгийн аялгуу, хэлийг ашиглахыг зөвшөөрсөн тохиолдолд ч төрийн хэл нь “байршил, дараалал болон бусад бүх тал дээр давуу эрхтэй байх” ёстой гэж заажээ.
Түүнчлэн уг хуулиар шашны байгууллагуудаас “синизаци” (Sinicization – шашин болон итгэл үнэмшлийг хятадын соёл, ХКН-ын үзэл сурталд нийцүүлэх) чиг шугамыг баримтлахыг шаардаж байна.
Шинжээчид энэхүү алхмыг нийт хүн амын 91 гаруй хувийг эзэлдэг хань үндэстнүүд төвөд, уйгар, монгол болон бусад үндэстний бүлгүүдийг бүрмөсөн өөртөө уусгах оролдлого гэж үзэж байна. Корнеллийн их сургуулийн профессор Аллен Карлсон “Энэхүү хууль нь Ши Жиньпиний үеийн БНХАУ-д хань бус үндэстнүүд олонхтойгоо нэгдэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргаж, хамгийн гол нь Бээжинд үнэнч байх ёстойг тодорхой сануулж байна” хэмээн тэмдэглэжээ.
Баримт бичгийн тусдаа бүлэгт “нийгмийн тогтвортой байдал” болон салан тусгаарлах үзэлтэй тэмцэх талаар тусгасан байна. Ингэснээр тунхагласан “эв нэгдэл”-д эргэлзсэн аливаа үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцон мөрдөн шалгах боломж бүрдэж байгаа юм. “China Daily” зэрэг төрийн мэдээллийн хэрэгслүүд цөөнх үндэстнийг хавчин боогдуулж буй хэргийг няцааж, уг хууль нь цөөнхүүдийг улс орны эдийн засгийн хөгжилд татан оролцуулахад тустай гэж мэдээлж байна.
Гэвч хүний эрхийг хамгаалагчид шинэ эрх зүйн орчин нь соёлын өв уламжлалыг хадгалан үлдэх боломжийг бараг үгүй болгож, байгалийн нөөцөөр баялаг хилийн бүс нутгуудад оршин суудаг ард түмний уламжлалыг аюулд оруулж байна гэж анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters