Богдхан уулын зэрлэг амьтдад хужир, эрдэс тэжээл байршууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Богдхан уулын амьтадад хужир тавьж өглөө

Богдхан уулын дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх зорилгоор био техникийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Амьтдын тоо толгойг тогтвортой байлгах, сүргийг эрүүл байлгах урт хугацааны зорилтын хүрээнд ийм ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа гэж тус газрынхан мэдээлэв.

Богдхан уулын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид буга, янгир, бор гөрөөс элбэг нутагладаг гол амуудын орчимд хужир, эрдэс тэжээл тавьжээ. Ялангуяа өвөл, хаврын цагт ууланд цас их унах, байгалийн идэш ховордох үед эдгээр амьтад хоол тэжээл хайн суурьшлын бүс рүү, тэр дундаа Улаанбаатар хотын орчимд ихээр бууж ирэх хандлагатай байдаг байна.

Иймээс иргэд, ойр орчмын оршин суугчид болон ууланд аялж буй хүмүүс дараах зүйлд анхаарахыг онцгойлон зөвлөжээ.

  • Зэрлэг амьтдад ойртож тэднийг үргээх, хөөхгүй байх
  • Хоол, тэжээл өгөх нэрийдлээр хүний орчинд дасгахгүй байх
  • Зургийг нь авах, сошиалд нийтлэхээр хөөцөлдөн амьтны амгалан байдлыг алдагдуулахгүй байх
  • Аюултай нөхцөл байдал үүсвэл өөрсдөө арга хэмжээ авах гэж оролдохын оронд мэргэжлийн байгууллагад мэдээлэх

Хэрэв Богдхан уулын бүсээс ирсэн зэрлэг амьтантай холбоотой ямар нэг асуудал, болзошгүй эрсдэлтэй байдал таарвал иргэд 77070840 дугаарт залгаж мэргэжлийн байгууллагад шууд хандах боломжтой. Ийнхүү хүн, амьтны аль алиных нь аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ Богдхан уулын экосистемийг хамгаалахад иргэн бүрийн хариуцлагатай хандлага чухал гэдгийг байгаль хамгаалагчид сануулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй