Table of Contents
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг дөрвөн жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж буйгаа зарласан нь дэлхий дахиныг шуугиулж байна. Энэхүү түүхэн тоглолт ирэх гуравдугаар сарын 21-нд Сөүл хотын зүрх болсон Кванхвамун талбайд болох бөгөөд хотын захиргаа “Арими”-нуудын (Army) асар их нүүдэлд бэлтгэж, аюулгүй байдлыг хангахын тулд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
Алдарт хамтлагийн фэнүүд Сөүлийг бүрхэхэд бэлэн үү? Хотын захиргаа лав тийм ч тайван биш байна шүү.
Аюулгүй байдал: Бөөгнөрөлөөс урьдчилан сэргийлэх нь
Хотын дарга О Се Хун энэ сарын 4-ний өдөр тусгайлан хуралдаж, тоглолтын аюулгүй байдлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Өмнө нь олон хүн цугларсан үед гарч байсан харамсалтай явдлуудаас сургамж авч, Кванхвамун талбайг хэд хэдэн хэсэгт хуваан хянах, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг камерын хяналттай хослуулан ажиллуулахаар болжээ. Мөн тоглолт зохион байгуулагчдад хангалттай тооны харуул хамгаалалтын ажилтан гаргаж, яаралтай тусламжийн болон гал түймэр унтраах албыг бэлэн байлгахыг үүрэг болгосон байна.
Тээвэр, Дэд бүтэц ба Хяналт
Тоглолтын өдөр Сөүл хотын төв хэсэгт замын хөдөлгөөний томоохон зохицуулалт хийгдэх бөгөөд үзэгчдийн урсгалыг чиглүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авна:
- Кванхвамун талбайн ойр орчмын метроны буудлуудад галт тэрэг зогсохгүй өнгөрөх бөгөөд автобусны чиглэлүүдийг өөрчилж, хотын унадаг дугуй зээлэх үйлчилгээг түр зогсооно.
- Нийтийн ариун цэврийн газрын тоог нэмж, үзэгчдийн тав тухыг хангах дэд бүтцийг өргөтгөнө.
- Зочид буудал, хоолны газруудын үнийн хөөрөгдлийг хянахын тулд “нууц ажилтнууд” энгийн хувцастай ажиллаж, тасалбар дамлан зарах явдалтай хатуу тэмцэнэ.
- Хоол унд, бэлэг дурсгалын зүйлийн хууль бус наймааг таслан зогсоох хяналтын тусгай дугаар ажиллуулна.
“Дэлхийн соёлын нийслэл”: Дагалдах арга хэмжээнүүд
BTS-ийн эргэн ирэлт зөвхөн ганцхан тоглолтоор хязгаарлагдахгүй. Хотын захиргаанаас “Dongdaemun Design Plaza” (DDP), Сөүлийн талбай болон Ханган голын эрэг дагуу бүжгийн фестиваль, гудамжны баяр, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр нь Сөүл хотыг олон улсын аялал жуулчлалын төв гэдгийг батлан харуулах, жуулчдад зориулсан соёлын багц арга хэмжээ болох юм.
Сөүл хотын дарга О Се Хун “Эзэн хаан эргэн ирж байна” хэмээн тодотгоод, энэхүү үйл явдлыг хотын нэр хүндийг дэлхийн тавцанд бататгах чухал боломж гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.