Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том төлөөлөл болох БНСУ-ын BTS хамтлаг дөрвөн жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэж, томоохон аялан тоглолтоо зарлалаа. Хамтлагийн гишүүд болох Жин, Шуга, Жэй-Хөүп, Ар-Эм, Жимин, Ви, Жонгүк нар ээлж дараалан цэргийн албаа хааж дуусгаснаар ийнхүү дахин нэгдэж байгаа бөгөөд тэд хамгийн сүүлд 2024 онд шүтэн бишрэгчидтэйгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзаж байсан юм. Ихэнх хамтлагууд хувийн карьер хөөж завсарлага авдаг бол BTS-ийн хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсний эцэст ийнхүү дахин тайзнаа гарахад бэлэн болоод байна.
Арми нарын (ARMY) тэсэн ядан хүлээж байсан энэхүү дэлхий тойрсон аялан тоглолт ирэх дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосоос эхэлж, 2027 оны гуравдугаар сар хүртэл бүтэн жилийн турш үргэлжлэхээр төлөвлөгджээ. Тус аялал нь Ази, Европ, Хойд болон Латин Америк, Австрали тивийг хамарсан өргөн цар хүрээтэй шоу болох бөгөөд Ойрхи Дорнодын орнуудад болох тоглолтын тов одоогоор улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй байна.
BTS хамтлагийн аялан тоглолтын чиглэлүүд:
Хамтлагийн залуус ирэх нэг жилийн хугацаанд дэлхийн олон орноор зочилж, фенүүдтэйгээ уулзах бөгөөд тоглолт болох үндсэн бүсүүдийг дурдвал:
- 2026 оны хавар: Өмнөд Солонгосын Коян, Бусан хотуудаас гараагаа эхэлж, Японы Токио болон АНУ-ын Тампа, Эль-Пасо хотуудаар үргэлжилнэ.
- 2026 оны зун: Испанийн Мадрид, Бельгийн Брюссель, Их Британийн Лондон, Германы Мюнхен, Францын Парис зэрэг Европын томоохон хотуудыг хамарна.
- 2026 оны намар: АНУ-ын зүүн болон баруун эргийн Чикаго, Лос-Анжелес хотуудаас гадна Колумби, Перу, Чили, Аргентин, Бразил зэрэг Латин Америкийн орнуудад зочилно.
- 2026 оны өвөл: Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудын ARMY-уудыг баярлуулах юм.
- 2027 оны эхээр: Австралийн Мельбурн, Сидней хотуудад тоглож, Хонконг болон Филиппиний Манила хотод аялан тоглолтоо өндөрлүүлэх хуваарьтай байна.
BTS хамтлагийн зүгээс аялан тоглолт болох хот бүрт өөрсдийн шилдэг хит дуунуудаас гадна урьд өмнө үзүүлж байгаагүй шинэлэг үзүүлбэрүүдийг бэлтгэж байгаагаа дурджээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая шүтэн бишрэгчид нь энэхүү түүхэн эргэн ирэлтийн тасалбарыг авахын тулд одооноос бэлтгэж эхлээд байгаа бөгөөд К-Поп ертөнцийн хамгийн том цугларалт ирэх дөрөвдүгээр сард эхлэх нь ээ.
2 comments
Фенүүд нь маш их хүлээсэн байх
Тоглолт их хүлээлттэй байна