Дэлхийн алдартай стриминг үйлчилгээ болох Netflix нь гуравдугаар сарын 21-ний оройн 20:00 цагт Сөүл хотын Гвангхамун талбайгаас “BTS Comeback Live: ARIRANG” тоглолтыг онцгой эрхтэйгээр шууд дамжуулахаар боллоо. Энэхүү арга хэмжээ нь BTS хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний “ARIRANG” цомгийн нээлтэд зориулагдсан бөгөөд хамтлагийн долоон гишүүн шинэ бүтээлүүдээ анх удаа амьд хөгжимтэйгээр үзэгчдэд хүргэх юм.
Тус концерт нь Netflix-ийн түүхэнд Солонгос улсаас дэлхий даяар шууд дамжуулж буй анхны “live event” гэдгээрээ онцгой ач холбогдолтой бөгөөд тус платформын төлбөртэй бүх хэрэглэгчид үзэх боломжтой. Шоуг “Super Bowl Halftime Show” болон Лондонгийн олимпын нээлтийг найруулж байсан туршлагатай мастер Хэмиш Хамильтон удирдаж байгаа нь дэлхийн хэмжээний продакшн болохыг илтгэж байна.
BTS-ийн фенүүдэд зориулсан дараагийн бэлэг:
- Баримтат кино: Гурван сарын 27-нд “BTS: The Return” нэртэй бүрэн хэмжээний баримтат кино Netflix-д нээлтээ хийнэ.
- Агуулга: Уг кино нь “ARIRANG” цомгийг бүтээсэн арын үйл явц, бэлтгэл шатыг дэлгэрэнгүй харуулах юм.
- Найруулагч: Баримтат киног Netflix-ийн “The Stringer” бүтээлээрээ танигдсан найруулагч Бао Нгуен найруулсан байна.
Энэхүү үйл явдал нь Netflix зөвхөн кино, цувралаар хязгаарлагдахгүй, амьд энтертайнмент салбар руу хүчтэй түрэн орж байгаагийн тод жишээ болж байна. Тоглолтыг биеэр очиж үзэх боломжгүй фенүүд дэлхийн хаанаас ч хамтлагийнхаа шинэ дүр төрх, үзүүлбэрүүдийг Netflix-ээр дамжуулан хүлээн авах боломжтой.