Home Эрүүл мэнд Бусан хот эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт түүхэн дээд амжилт үзүүлэв

Бусан хот эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт түүхэн дээд амжилт үзүүлэв

by Саруул Батболд
0 comments
БНСУ-ын Бусан хот өнгөрсөн онд эрүүл мэндийн 30 мянган жуулчин хүлээж авчээ

2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хот гадаадын улс орнуудаас нийт 30 мянга орчим эрүүл мэндийн жуулчин хүлээн авч, энэ чиглэлд түүхэндээ байгаагүй дээд үзүүлэлттэй жилийг үдсэн байна. 2009 оноос эхлэн эмнэлэг, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлсэн тус хотын хувьд энэ нь цар тахал болон олон улсын геополитикийн хүндрэлүүдээс шалтгаалсан уналтаас бүрэн сэргэж байгаагийн баталгаа болжээ.

“Кориа Таймс”-ын мэдээлснээр, Бусан нь 2024 онд анх удаа нийслэл Сөүлийн гаднах хотуудаас эрүүл мэндийн аялал жуулчлалын үзүүлэлтээрээ тэргүүлж, Жежү болон Дэгү хотуудыг ардаа орхисон байна. Өнгөрсөн 2023 онд тус хот 12 мянган эрүүл мэндийн жуулчин хүлээн авсан бол 2024 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 30 мянгад хүрчээ.

Эдгээр жуулчдын дунд Японоос ирсэн иргэд хамгийн өндөр хувийг эзэлж, нийт жуулчдын 24.3 хувийг бүрдүүлсэн бол дараа нь Тайвань, Хятад болон Оросын жуулчид багтжээ. Япон улсаас Бусан руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорин ирэгсдийн тоо ийнхүү хоёр дахь жилдээ дараалан хамгийн өндөрт жагссан үзүүлэлттэй байна. Бусан нь Японы баруун өмнөд нутгийн хотуудтай ойрхон байрладаг бөгөөд тээврийн хувьд ч дөхөм байршилтай юм.

Оросын хувьд 2022 оноос Бусан болон ОХУ-ын хоорондох шууд нислэгүүд зогссон нь жуулчдын урсгалыг бууруулсан ч, тэдний хувьд Бусанд эмчилгээ хийлгэх нь хамгийн боломжит чиглэлд тооцогдсоор байна. Алс Дорнодын хотоос ердөө 2.5 цагийн нислэгээр Бусанд хүрэх боломжтой юм.

Эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр авч үзвэл, Бусаны арьс судлал болон гоо сайхны мэс заслын салбар хамгийн эрэлттэйд тооцогдож байна. Эрүүл мэндийн жуулчдын 50 хувиас дээш хувь нь эдгээр чиглэлийн үйлчилгээ авсан нь тус хотыг Азид гоо сайхны мэс засал, арьс арчилгааны төв хотуудын нэг болгож буй юм.

БНСУ-ын хэмжээнд эрүүл мэндийн аялал жуулчлалын үзүүлэлтүүд ч өсөлттэй гарсан бөгөөд 2024 оны нийт дүнгээр 1 сая 170 мянга гаруй жуулчин эмчилгээ, оношилгооны зорилгоор тус улсыг зорьсон байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.