Table of Contents
Сэтгүүлч: Б.Амартүвшин
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлын төвд байна. Тэрбээр “Mira” нэртэй инстаграм хуудсаараа дамжуулан хосгүй үнэтэй цүнх, бэлэг сэлт, автомашин зэрэг тансаг хэрэглээгээ нийтэлж, “тансаглаж байна, эрхэлж байна” хэмээн “флэксддэг” нь шүүмжлэл дагуулж буй. Үндэсний хэмжээнд татвар төлж буй иргэдийн зүгээс энэ бүх хэрэглээний эх үүсвэрийг тайлбарлахыг шаардаж байна.
Түүний аав Чинбаатарын Өгөөдэйбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Монголын бүх аав охин үрээ эрхлүүлдэг. Би ч ялгаагүй. Төрсөн өдөрт нь хоёр цүнх авах гэж байхад 10 сая, дараа нь дахин 10 сая төгрөг шилжүүлсэн. Шинэ жилээр нэг машин авч өгсөн. Дараа нь охин маань түүнийг зарж, RX450h-BAS машин авсан юм” гэжээ.
Гэвч түүний ярьсан энэхүү тайлбар үнэнд хэр нийцэж байна вэ?
Ч.Өгөөдэйбаатар хэн бэ?
Өөрийгөө “1997 оноос хойш бизнес эрхэлж ирсэн” хэмээн тодорхойлсон Ч.Өгөөдэйбаатар нь:
- ОХУ-ын Свердловск хотын Уул уурхайн их сургуульд сурч, механик зохион бүтээгч мэргэжил эзэмшжээ.
- АНУ-ын “Cybertech LLC”-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч гэж танилцуулсан боловч компанийн үйл ажиллагааны ил тод мэдээлэл, амжилт нотлох баримт тун бүрхэг.
- АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй “Hunnu Road” нэртэй компани нь 2025 оны хоёрдугаар сард автоматаар бүртгэлээс хасагджээ.
- Монголд үүсгэн байгуулсан “Ай Эс Өү Өү” ХХК нь тэнцвэртэй тендер авсан, ашиг олсон талаарх мэдээлэлгүй бөгөөд 2007 оноос хойш ямар ч албан ёсны тайлан нийтлээгүй байна.
Тансаг хэрэглээ бодит орлоготой нийцэж байна уу?
Ө.Өгөөмөрийн хэрэглээнд дурдагдаж буй зүйлс:
- 20 сая төгрөгийн үнэтэй сүйн бөгж
- Хоёр удаагийн 10 саяын гүйлгээгээр авсан брэнд цүнх
- 294 мянган ам.доллараар үнэлэгдэх ховор загварын Мерседес Бенз
- 3 саяын үнэтэй VIP өрөөнд хамтдаа тоглолт үзэх
- Спортын мастер аавын баярын ширээ
Энэ бүх хэрэглээ нь дундаж орлоготой монгол өрхийн төсөөллөөс хол давсан бөгөөд “фейсбүүкт манаачийн байр хайж буй”, “15 ам.доллараар ачаа явуулах” зар тавьж байсан Ч.Өгөөдэйбаатарын ярьсан орлогын түвшинд харш байна.
Сүй, танилын зөрүү ба худын “бодит байдал”
Ч.Өгөөдэйбаатарын ярилцлагадаа дурдсанаар, охин нь О.Тэмүүлэнтэй “танилцаад сар ч болоогүй” гэжээ. Гэтэл тэд гуравдугаар сарын 21-нд M Bank Arena-гийн “Улаан өрөө”-нд хамтдаа зураг даруулсан бөгөөд тухайн өдөр хүргэн нь хадам аавын спортын мастер цолыг “угааж” буй баярын зураг нийтэд ил болсон байдаг. Үүнийг харвал харилцаа нь аль хэдийн гүнзгийрсэн, урьдчилсан төлөвлөгөөтэй харилцаа байх магадлалтай.
Төрийн бус байгууллагаар дамжсан холбоо
2021 онд үүсгэн байгуулсан “Өвөр гүнт хөгжил” гэх НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар Ч.Өгөөдэйбаатар өөрөө, удирдах зөвлөлийн даргаар Ө.Өгөөмөр ажилладаг. Байгаль хамгаалал, мод үржүүлэг, сургалтын чиглэлтэй энэхүү ТББ нь Ерөнхий сайдын хүүгийн гэр бүлтэй бизнес, санхүүгийн хэлхээтэй байж болзошгүй нөхцөлийг бий болгож байна.
Ээж нь төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн
Ө.Өгөөмөрийн ээж Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаасаа 2025 оны гуравдугаар сард чөлөөлөгдсөн. Өгөөдэйбаатарын хэлснээр, “эхнэр нь өөрийн цалингаар ийм хэрэглээ санхүүжүүлэх боломжгүй” гэжээ. Мөн түүний АТГ-д өгсөн ХАСХОМ мэдээллээр орлого хязгаарлагдмал болох нь тодорхой байгаа юм.
Төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн хэрэглээ ил тод байх ёстой
Иргэд “тансаг хэрэглээний ард ямар орлого байна вэ?” гэж асууж байна. Энэ бол улс төрийн хардлага биш, харин төсвийн хөрөнгө, эрх мэдлийн ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлах үндэслэл юм. Ерөнхий сайдын гэр бүлийн орлого, ойрын хүрээллийнхний бизнес, орлогоо нотлох асуудал нь нийтийн итгэлцэл, төрийн ёс зүйд шууд хамаатай гэдгийг сануулах нь зүйтэй.