68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслол дээр дуучин Чаппелл Рон (Chappell Roan) энэ үдшийн хамгийн их яриа тарьсан, зоригтой дүр төрхийг бүрдүүллээ. Тэрээр Францын алдарт “Mugler” загварын ордны тунгалаг шифон материалтай, дарсны улаан өнгийн “нүцгэн” даашинзаар гоёсон байна.
Түүний хувцаслалт нь ердөө цээжин хэсгийн пирсинг буюу хөхний бөгжнөөс зүүгдэн тогтсон bodice-гүй загвараараа интернэтийг шуугиулж байгаа юм. Энэхүү бүтээл нь загвар зохион бүтээгч Манфред Тьерри Мюглерийн 1998 оны “Jeu de Paume” хэмээх түүхэн цуглуулгаас сэдэвлэгдсэн бөгөөд 2026 оны хавар-зуны шинэ цуглуулгад зориулан Мигель Кастро Фрейтас дахин шинэчилсэн хувилбар ажээ.

Чаппелл Роны Грэмми 2026-ийн онцлох дүр төрх:
- Даашинз: Хөхний бөгжнөөс (nipple rings) зүүгдсэн, урт хормойтой, тунгалаг улаан шифон даашинз.
- Үс засалт: Түүний гал улаан үсийг “лусын дагина” маягийн сүлжмэл болон 2010-аад оны “fishtail” маягийн сүлжээсээр чимсэн нь хүмүүсийн харцыг булааж байв.
- Биеийн урлаг: Тэрээр нуруу хэсэгтээ даашинзтайгаа ижил өнгийн түр зуурын шивээсээр дүр төрхөө баяжуулжээ.
- Чимэглэл: Ягаан эрдэнийн чулуутай алтан хүзүүний зүүлт болон “Pink Pony Club” дуугаа бэлгэдсэн морины дүрс бүхий шивээсээр гоёсон байна.
Чаппелл Рон энэ жил “The Subway” синглээрээ “Оны шилдэг бичлэг” (Record of the Year) болон “Шилдэг поп соло үзүүлбэр” (Best Pop Solo Performance) гэсэн хоёр томоохон төрөлд нэр дэвшсэн юм. Тэрээр 2025 оны наадмаас “Шилдэг шинэ артист” шагналыг хүртэж байсан бөгөөд энэ удаад нэр дэвшсэн төрлүүддээ ялалт байгуулж чадаагүй ч улаан хивсний хамгийн дуулиантай одоор тодорлоо.