БНХАУ-ын Чэндү хотноо олимпын төрөлд багтдаггүй спортын төрлүүдийг багтаасан “Дэлхийн спортын наадам 2025” албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 114 орны 4000 гаруй шилдэг тамирчид оролцож, спортын олон төрөлд өрсөлдөж байна.
Монгол Улсын хувьд энэ удаа жюү жицү, бөх, пауэрлифтинг, дуатлон болон биллиардын таван төрлөөр есөн тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Тэмцээнүүд баасан гарагт эхлэх бөгөөд Монголын багийн тамирчид тус бүрийн төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
“Дэлхийн спортын наадам”-д оролцохын тулд тамирчид дэлхийн чансаанд эхний зургаад бичигдэх эсвэл тив, дэлхийн аваргын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангаж, манай улсаас есөн шилдэг тамирчин эрхээ авч оролцож байгаагаараа онцлог.
Наадмын үеэр Монголын багийн тугчаар пауэрлифтингийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Сайфолла сонгогдсон нь манай тамирчдад нэр төрийн хэрэг болсон үйл явдал байлаа.