“The MongolZ” багийн шинэхэн гишүүн Анарбилэг “cobrazera” Ууганбаяр дэлхийн CS2-ын хамгийн том мэдээллийн эх сурвалж болох HLTV порталд ярилцлага өгөхдөө өөрт ирж буй сэтгэл зүйн дарамтын талаар нээлттэй ярьжээ. Тэрээр багийн гол тоглогчдын нэг байсан Азбаяр “Senzu” Мөнхболдыг явсны дараа түүний орон зайг нөхөхөөр ирсэн нь мэргэжлийн түвшний маш том сорилт болж байгааг онцолсон юм.
“Cobrazera”-гийн хувьд “Senzu” нь зөвхөн багийн хамтрагч бус, амьдрал дээрх маш ойрын найз нь учраас түүний зөвлөгөө багтаа дасан зохицоход нь хамгийн том дэмжлэг болжээ. “Senzu” түүнд хандаж, “Муулсан, шүүмжилсэн сэтгэгдлийг битгий анхаарч бай. Зүгээр л тоглоомоо тогло. Чамайг чадна гэдгийг би мэдэж байна” хэмээн урамшуулж байсныг тэрээр дурссан байна.
Түүнчлэн Анарбилэг “cobrazera” Ууганбаяр саяхан блиц асуулт хариултад оролцох үедээ дараах сонирхолтой хариултуудыг өгчээ:
- Ирээдүйн одоор: Азбаяр “Senzu” Мөнхболдыг 2026 оны дэлхийн шилдэг тоглогч болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
- Дутуу үнэлэгдсэн тоглогч: “Techno4K”-г чадвартаа дүйцэхүйц үнэлгээг аваагүй байгаа тамирчин гэж үзэв.
- Шилдэг хамтрагч: Тоглолтын явцад “mzinho”-той хамгийн сайн хамтран ажиллаж, ойлголцдог гэдгээ хэллээ.
Хэдийгээр “Senzu”-г орлоно гэдэг хэцүү даалгавар боловч тэрээр өөрийн тоглолтын хэв маягийг олж, багийнхаа амжилтыг бататгахаар тууштай ажиллаж байна. Ийнхүү монгол залуус дэлхийн тавцанд нэг нэгнээ дэмжин, CS2-ын ертөнцөд өөрсдийн түүхийг бичсээр байна.