Counter-Strike 2 (CS2) тоглоомын хамгийн хүлээлттэй тэмцээн болох “BLAST.tv Austin Major 2025” тэмцээн АНУ-ын Техас мужийн Остин хотод зургадугаар сарын 2-ны өдөр албан ёсоор эхлэх гэж байна. Нийт 32 багийн дунд болох энэхүү дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаас The MongolZ болон Chinggis Warriors багууд оролцох нь батлагдаж, тэдний анхны тоглолтын тов гарчээ.
Chinggis Warriors баг тэмцээний нэгдүгээр шатнаас оролцох бөгөөд зургаадугаар сарын 3-ны 23:00 цагт Норвегийн шилдэг багийн нэг HEROIC-той “Bo1” буюу нэг мапаар ялагчийг тодруулах тоглолт хийхээр товлогдоод байна. Тэд өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг зорьсон талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Нэгдүгээр шатанд нийт таван тоглолт хийх боломжтой бөгөөд гурван ялалт байгуулсан баг дараагийн шат руу дэвшинэ.

Харин Монголын нэрийн хуудас болсон The MongolZ баг гуравдугаар шат буюу шилдэг 16 багийн шатнаас тэмцээнд оролцох бөгөөд зургадугаар сарын 13-ны шөнө 01:30 цагт хоёрдугаар шатнаас дэвшиж гарч ирсэн багтай “Bo1” тоглолтоор тулна. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээний хасагдах шатанд хүчтэй өрсөлдөгчдөөр хүрээлүүлэн тэмцээнээ өндөрлүүлээд байсан билээ.
The MongolZ багийн албан ёсны ивээн тэтгэгчээр дэлхийн спортын бооцооны салбарт тэргүүлэгч 1xBet ажиллаж байна.

Энэхүү ДАШТ нь нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд гурван шатны тойрог тоглолтын дараа найман баг Playoffs шатанд тунаж үлдэнэ. Түрүүлсэн баг 500,000 ам.доллар хүртэх бол, хоёрдугаар байр 170,000 ам.доллар, гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан баг тус бүр 80,000 ам.долларын шагнал авах юм.
Монголын хоёр баг ийнхүү тив дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоглох гэж буй нь зөвхөн цахим спортын бус, үндэсний бахархал, залуусын урам зоригийн илэрхийлэл болсоор байна.