АНУ-ын Техас мужийн алдарт родео буюу адуучдын их наадамд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уригдан оролцсон байна. Тэрбээр уг арга хэмжээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн голд морин тэрэгтэй гарч ирэн, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээжээ.
Тэрбээр өөрийн сэтгэгдлээ цахим хуудсандаа нийтлэхдээ:
“Адуучдын Их Наадам. Grand Rodeo in Texas. Болор бид хоёр хүндэт зочноор уригдаж оролцлоо. Морин тэрэгтэй цэнгэлдэх тойрч, алга ташууллаа”
хэмээн бичсэн байна. Наадмын зохион байгуулагчид болон Техасын оршин суугчид Монголын төрийн тэргүүн асан болон түүний гэргийг халуун дотноор хүлээн авсан нь энэ юм.
Техас мужийн родео наадмын онцлогоос дурдвал:
- Ковбой соёлыг морин спорт болон уламжлалт үзүүлбэрүүдтэй хослуулсан дэлхийн томоохон баяр наадмын нэг юм.
- Жил бүр зохион байгуулагддаг уг наадамд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган зочин цугларч, морь болон үхрийн уралдааныг сонирхдог.
- Энэхүү арга хэмжээ нь адууны соёл, хөдөө аж ахуйн уламжлалыг сурталчлах гол талбар болдог байна.
Монгол болон Техас мужийн хувьд адууны соёл, нүүдэлчин болон ковбой ахуйгаараа төстэй тал ихтэй байдаг. Иймээс ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ийнхүү хүндэт зочноор урьсан нь хоёр улсын соёлын хэлхээ холбоог харуулсан үйл явдал боллоо.