“Халискогийн шинэ үеийн картель” (CJNG)-ийн толгойлогч, “Эль Менчо” хочтой Немесио Рубен Осегера Сервантесыг илрүүлэн устгах ажиллагаанд АНУ-ын тагнуулын алба Мексикийн эрх баригчдад тусалсан болохыг Цагаан ордноос мэдэгдлээ.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт 2-р сарын 23-ны өдөр мэдээлснийг Medee.news дамжууллаа. “Халискогийн шинэ үеийн картелийн удирдагч, зартай наркобарон Эль Менчог устгасан Тальпальпа дахь ажиллагааг явуулахад АНУ-ын тал Мексикийн засгийн газарт тагнуулын мэдээллийн дэмжлэг үзүүлсэн” гэж Ливитт өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ.
Үйл явдлын ач холбогдол
Устгагдсан наркобарон нь Мексик болон АНУ-ын засгийн газруудын гол бай байсан бөгөөд түүний удирддаг бүлэглэл нь АНУ руу фентанил нийлүүлдэг хамгийн том сүлжээ юм. 2025 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Халискогийн шинэ үеийн картель”-ийг террорист байгууллагын жагсаалтад оруулсан билээ.
“Ерөнхийлөгч Трамп манай улс руу үхлийн аюултай хар тамхи илгээж буй нарко-террористуудыг шүүхийн өмнө аваачихын тулд АНУ боломжтой бүх зүйлийг хийнэ гэдгийг тодорхой хэлсэн. Трампын засаг захиргаа энэхүү ажиллагааг амжилттай явуулж, хамтран ажилласан Мексикийн цэргийнхэнд талархал илэрхийлж байна” гэж Ливитт тэмдэглэсэн байна.