Дональд Трамп “Эрүүл хүүхдүүдэд зориулсан бүтэн сүүний тухай хууль”-д гарын үсэг зурсантай холбогдуулан Цагаан ордон өөрийн албан ёсны “X” хуудсаараа дамжуулан “Сүүг дахин агуу болгоё” хэмээн уриалсан байна. Уг нийтлэлд ерөнхийлөгч Трамп хоёр гартаа сүүний лонхтой сагс барьж, алсыг ширтэж буй зургийг хавсаргажээ.
Энэхүү шинэ хууль нь сургуулийн хүүхдүүдэд тослог ихтэй буюу бүтэн сүү олгохыг дахин зөвшөөрч байгаа бөгөөд ингэснээр сая сая хүүхэд өндөр чанартай сүүг сургууль дээрээ уух боломжтой болж байгааг Цагаан ордон онцолсон юм. “Америкийг дахин эрүүл болгоё” (Make America Healthy Again) урианы хүрээнд хэрэгжиж буй энэхүү алхам нь Обамагийн засаг захиргааны үеэс хэрэгжиж байсан, сургуулиудад зөвхөн тослог багатай сүү олгох хязгаарлалтыг ийнхүү цуцалж байна.
