UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт ирэх зургаадугаар сарын 14-нд Цагаан ордны зүлгэн дээр зохион байгуулагдах түүхэн тэмцээний үндсэн хөтөлбөрт зургаан тулаан төлөвлөсөн бөгөөд долоо дахь тулааныг нэмэх боломжтойг мэдэгдлээ.
“The US Sun” хэвлэлийн мэдээлснээр, Дана Уайт “IFL TV”-д өгсөн ярилцлагадаа “Би яг одоо тулаанчдыг товлох өрөөнд, самбар дээрх жагсаалтыг харж байна. Одоогоор зургаан тулааныг албан ёсоор баталсан. Хэрэв боломж гарвал нэгийг нэмж, долоо болгож магадгүй” хэмээн ярьжээ.
Тэрээр уг тэмцээний бэлтгэл ажлыг хэрхэн нууцалж байгаа талаар сонирхуулахдаа: “Бид энэ тэмцээнд зориулж тусдаа цагаан самбар ашиглаж байгаа. Тулаануудыг бичээд, хурал дуусмагц шууд арилгадаг” гэсэн байна. Дана Уайт тэмцээний бүх оролцогчдыг энэ долоо хоногт багтаан зарлана гэдгээ баталлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны долдугаар сарын 4-нд тус улсын тусгаар тогтнолын 250 жил болон өөрийнхөө 80 насны ойг тохиолдуулан Цагаан ордны нутаг дэвсгэрт UFC-ийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөснөө зарласан юм.
Тэмцээнд зориулж Цагаан ордны зүлгэн дээр октагон (найман өнцөгт дэвжээ) засах бөгөөд тулаанчид Ерөнхийлөгчийн Зууван танхимаас гарч ирэхээр төлөвлөжээ. Үзэгчдэд зориулж 5,000 хүний суудалтай трибун засахаас гадна ойролцоох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 60,000 хүн том дэлгэцээр үзэх боломжтой тусгай бүсийг байгуулах аж.