Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт сибирийн царцааны тоо толгой огцом өсч, бэлчээрийн ургамал, тариалангийн ургацад ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Царцааны тархалт өндөр байна
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс ирүүлсэн 2025 оны долдугаар сарын 20-ны мэдээгээр 1х1 метр талбайн нягтшилыг хэмжихэд Цагаанхайрхан сумын олон хэсгээр сибирийн царцаа олноор илэрсэн байна.
Хэт олшролт зөвхөн Завхан аймгаар хязгаарлагдахгүй бөгөөд Ховд аймгийн Чандмань, Манхан сум, Говь-Алтайн Халиун, Баянхонгорын Гурванбулаг сумдад ч мөн адил царцааны хэт их нягтшил бүртгэгджээ.
Царцааны хор хөнөөл
Монгол оронд нийт 140 гаруй зүйл царцаа амьдардгаас 29 зүйл нь бэлчээр, ургацад ноцтой хохирол учруулдаг байна. Царцаа нь халуун, хуурай нөхцөлд идэвхтэй үржиж, ургамлыг өдөрт өөрийн жингээс 1.5-2 дахин их хэмжээгээр иддэг. “Дээвэр далавчит” нэртэй төрөл нь өөрийн биеийн жингээс 1.22 дахин их тэжээл хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогдсон.
1м² талбайд ердөө 1-2 ширхэг царцаа илэрч байхад л ургац буурахад хүргэдэг. Тэд буудайн навч, түрүүг мэрж, ургамлыг гэмтээдэг бол бэлчээрт нийт ургамлын 30-70 хувийг устгаж болдог аж.
Нөлөөлөл ба үр дагавар
Царцаа олширсон жилүүдэд:
- Бэлчээрийн ургац 2-3.9 центнерээр буурдаг
- Малын хээл хаялт 2.63 хувиар нэмэгддэг
- Сувайралт 1.7%, төлийн хорогдол 2.4%, зүй бусын хорогдол 1.6% нэмэгддэг
- Тураалаар үхсэн малын тоо 18 дахин өсдөг
Ашиг тустай тал
Царцааг зөвхөн хөнөөлтэй амьтан гэж үзэх нь өрөөсгөл. Жил бүр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумдын урианхай ястнууд зундаа царцаа барьж хатаамал хэлбэрээр бэлтгэн, өвөл малд уулгах гар тэжээл болгон ашигладаг уламжлалтай.
1 царцаа зун 3.75 кг өвс иддэг нь хоёр хонины гурван сарын идэштэй тэнцдэг хэмээн тооцоолжээ.