Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид робот нохойг харуул хамгаалалтын үйл ажиллагаанд туршилтаар нэвтрүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Энэхүү алхам нь 2025 оныг “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хиймэл оюун ухаанд суурилсан технологийг төрийн байгууллагуудад үе шаттайгаар нэвтрүүлж буй ажлын нэг хэсэг юм.
ШШГЕГ хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан технологийн ашиглалтыг өргөжүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулсан байна. Тэдний үзэж буйгаар, хиймэл оюун нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна хүмүүсийн хоорондын сэтгэл ханамжгүй харилцааг бууруулах, байгууллагын үр ашигт ажиллагааг сайжруулах зэрэг давуу талтай аж.
Туршилтын шатанд нэвтрүүлсэн энэхүү робот нохой нь харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээс гадна болзошгүй эрсдэлийг илрүүлэх, хяналт шалгалтыг нарийвчлан хийх зориулалттай байна. Цаашид туршилтын үр дүнгээс шалтгаалан робот нохойн хэрэглээг хорих ангиуд болон бусад нэгжүүдэд өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.