Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ (ЦДҮС) ТӨХК-ийн ажилтан ажлын байрандаа тогонд цохиулж нас барсан хэрэг гарч, үүнийг зүрхний шигдээс гэж дүгнэсэн нь ар гэрийнхний эсэргүүцлийг төрүүлээд байна.
ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын тээвэр механикийн хэсэгт тусгай зохицуулалтын машины жолоочоор ажиллаж байсан Ц.М есдүгээр сарын 16-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа машинтайгаа тогонд цохиулж, газар дээрээ амиа алджээ.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан байна. Мөн есдүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймгаас шүүх шинжилгээний баг Сайхан суманд очиж, цогцост задлан шинжилгээ хийсэн.
Эмнэлгийн дүгнэлт ба ар гэрийн гомдол
Задлан шинжилгээ хийсэн эмч нар эхний байдлаар амь хохирогчийн үхлийн шалтгааныг “зүрх хаагдсан” буюу зүрхний шигдээс гэж ар гэрийнхэнд мэдээлжээ. Энэ нь ар гэрийнхний эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд талийгаачийн эхнэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Тогонд цохиулсан хүнийг зүрхний шигдээсээр нас барсан болгосонд гомдолтой байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Харин ЦЕГ-аас тодруулахад: “Есдүгээр сарын 16-нд уг дуудлага мэдээлэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн” гэж мэдээллээ.
Одоогоор уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй байна.