Нийслэлийн Хүүхдийн 100 орчимд гарсан зодооны хэрэгт нэр холбогдсон дөрвөн залуугийн нэг болох “ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан Монгол Улсад ирээгүй бөгөөд хэргийг шалгах явцад мэдүүлэг өгөөгүй талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ.
Энэ хэргийн хүрээнд Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар яллагдагчаар татагдсан бөгөөд одоогоор гурван хүн нь цагдан хоригдоод байна. Харин Б.Амарсайхан зодоон болсон даруйд улсын хилээр гарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байсан ч, албан ёсоор тэрбээр Монголд ирээгүй нь тодорхой болжээ.
Нийслэлийн прокурорын газраас гаргасан дүгнэлтээр:
- Дээрх дөрвөн хүн согтууруулах болон мансууруулах бодисын нөлөөнд байсныг тогтоосон
- Урьдчилан тохиролцолгүй боловч үйлдлээрээ нэгдэн, иргэн Д.С-ын биед хүч хэрэглэсэн гэж үзсэн
- Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 буюу “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт хамаарах үйлдэл гэж зүйлчилсэн
Цаашид мөрдөн байцаалтын явцад хохирогчид учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоосны дараа уг хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, нэмэгдэх боломжтой талаар мөн прокурорын байгууллага мэдээллээ.