Өнөөдөр Боловсролын яамнаас багшийн орон тооны талаар мэдээлэл өгчээ. Үүний үеэр сайдын зөвлөх Д.Гантулга багш нарын цалин, нийгмийн баталгааны талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр багш нарын хөдөлмөрийн үнэлгээ хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрч, “Багш нарын цалин бага гэдэг нь үнэн. Үүнийг бүгд мэдэж байгаа. Улаанбаатарт ЕБС-д шинээр ажилд орж буй багшийн цалин 1.5 сая төгрөгөөс эхэлдэг. Харин хөдөө орон нутагт, суманд ажиллавал 40 хувийн нэмэгдэл олгодог” хэмээн онцолжээ.
Боловсролын яамнаас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд цалингийн нэмэгдэл олгох, мөн үндсэн цалинг нэмэгдүүлэх бодлого баримталж буйг тэр хэлсэн. Гэхдээ зөвхөн багш нарын цалинг тусгаарлан нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд төрийн албан хаагчдын цалинг цогцоор нь авч үздэг хэмээн тодотгожээ.
Д.Гантулга “Энэ бол зөвхөн Боловсролын яамны асуудал биш. Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам ч мөн оролцох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бол бүх монголчуудын шийдвэрлэх ёстой асуудал юм” гэж хэлсэн байна.
Түүнчлэн тэрээр ирэх жил “Боловсролыг дэмжих жил” хэмээн зарласан талаар дурдсан бөгөөд энэ хүрээнд салбартаа илүү их санхүүжилт хуваарилах боломж бүрдэхийг онцолжээ.