АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хоёр удаагийн сонгуулийн ялалтад зориулсан сүрчиг гаргаж, улс төр, гоо сайхны ертөнцийн огтлолцолд шинэ хуудас нээлээ. Тэрээр 2016, 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа тэмдэглэн “Victory 45-47” нэртэй сүрчигний хоёр цувралыг худалдаанд гаргасан байна.
Шинэ үнэртнүүд нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаагүйгээр зориулагдсан бөгөөд ялалт, хүч чадал, амжилтыг бэлгэдсэн хэмээн Трамп өөрийн “Truth Social” сүлжээндээ мэдэгдсэн байна. Тэрээр:
“Трампын үнэртнүүд худалдаанд гарлаа. Ялалт, хүч чадал, амжилтыг бэлгэдэж байгаа учраас ‘Ялалт 45-47’ гэж нэрлэсэн сүрчгүүд эрэгтэй, эмэгтэй бүх хүнд зориулагдсан. Өөртөө нэгийг аваарай, мөн хайртай дотны хүмүүстээ авч өгөхөө мартуузай. Таашаал авч, сэтгэл ханамжийг мэдрээрэй, мөн ялалтаа үргэлжлүүлээрэй!”
хэмээн нийтэлжээ.
100 мл багтаамжтай сүрчигний савыг АНУ-ын 45 дахь, мөн 47 дахь Ерөнхийлөгчийн дүр төрх бүхий алтан өнгийн баримлаар чимэглэсэн бөгөөд савлагаан дээр Дональд Трампын гарын үсэг мөн бий. Үнэртний нэг ширхэг нь 249 ам.долларын үнэтэй.
Үүгээр зогсохгүй, Д.Трамп өмнө нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте түүнийг дээд хэмжээний уулзалтын үеэр “аав” гэж нэрлэсний дараа “Dad” гэсэн бичигтэй футболк үйлдвэрлүүлж, дэмжигчиддээ хүргэсэн. Тус футболкийг улбар шар болон гүн хөх өнгөөр захиалах боломжтой бөгөөд 35 ам.долларын хандивыг Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны санхүүжилт рүү хандивласнаар худалдан авч болно.