“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд зөвшөөрөлгүй, хууль бус такси үйлчилгээ эрхэлж буй тохиолдлууд үргэлжилсээр байгааг албаны хүмүүс онцолж, энэ чиглэлээр хяналт шалгалт эрчимжиж байна.
Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Тумбааш мэдээлэхдээ, такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий таван компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компанид стандартын дагуу хяналт тавьж буйг дурдлаа. Харин үүний зэрэгцээ зөвшөөрөлгүй тээврийн үйлчилгээ үзүүлж, жуулчин болон ажилчид тээвэрлэж байгаа нь илэрсэн байна.
“Зөрчил гаргасан жолооч нарт эхний ээлжинд анхааруулга өгч, хууль тогтоомжийг таниулах ажил хийсэн. Харин дахин давтагдсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлж байна” хэмээн тэр мэдэгдэв.
Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Анхбаяр мөн энэ талаар тайлбар өгөхдөө, энэ сарын 2-ноос хойш Нийтийн тээврийн бодлогын газрын байцаагчидтай хамтран шалгалт хийж, зөвшөөрөлгүй такси үйлчилгээний зөрчлүүдэд газар дээр нь арга хэмжээ авч байгааг онцоллоо.
Мөн тавдугаар сарын 2-ноос эхлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон Таван шар, Сүхбаатарын талбай чиглэлд нийтийн тээврийн автобусны үйлчилгээ явж эхэлсэн нь хууль ёсны тээврийн сонголтыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.