Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дамбадаржаа дулааны

Сэлбэ болон Дамбадаржаа дэд төвийг дулаанаар хангах 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд барилгын ажил 2024 оны дөрөвдүгээр сард эхэлжээ.

Барилгын ажлын явц

Өнөөдрийн байдлаар дараах ажлуудыг гүйцэтгээд байна:

  • Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй барилгын газар шороо, төмөрбетон суурийн ажил дууссан.
  • 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон дотор өрлөгийн ажил бүрэн хийгджээ.
  • Гадаад захиалгаар нийлүүлж буй үндсэн тоног төхөөрөмжийн 30 гаруй хувь нь талбайд ирсэн бөгөөд зуухны рамын угсралт, барилгын металл бүтээцийн угсралт ид явагдаж байна.

Төслийн хэрэгжилт ба төлөвлөгөө

63 МВт хүчин чадлын 29 МВт нь Дамбадаржааг, үлдсэн 34 МВт нь Сэлбэ хотын хойд хэсгийн орон сууцыг дулаанаар хангах зориулалттай.

Төслийн гүйцэтгэгчээр “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац”, хэрэгжүүлэгч байгууллагаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” ажиллаж байна.

  • 2025–2026 оны өвөл: Металл хийцийн угсралт, барилгуудыг бүрэн битүүлэх ажлыг хийнэ.
  • 2026 оны наймдугаар сар: Барилга угсралтын ажлыг дуусгаж,
  • 2026 оны есдүгээр сараас: Туршилт тохируулгын ажил эхлэхээр төлөвлөжээ.

Технологийн онцлог

  • Эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологитой 3×21 МВт хүчин чадалтай зуухтай.
  • Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувьтай.
  • Хорт бодис, нарийн үнс, тоосыг 95–98 хувь хүртэл бууруулдаг уутат шүүлтүүр болон шохойн чулууны системтэй.
  • Байгаль орчинд ээлтэй, энергийн үр ашигтай шийдлээр тоноглогдсон.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй