Дани эмэгтэйчүүдийг хугацаат цэрэгт татах шинэ журам хэрэгжиж эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дани эмэгтэйчүүдийг хугацаат цэрэгт татах шинэ журам хэрэгжиж эхэлнэ

Дани улсын парламент шинэ хууль баталж, эмэгтэйчүүдийг 18 нас хүрмэгц 11 сарын хугацаатай цэргийн алба хаалгах журамд хамруулахаар шийдвэрлэлээ. Уг өөрчлөлтийн дагуу эмэгтэйчүүдийг сугалааны аргаар хугацаат албанд татах бөгөөд энэ нь өмнө зөвхөн эрэгтэйчүүдэд хамаарч байсан системийг өргөжүүлж буй алхам юм.

НАТО-гийн шахалт ба шинэчлэл

Европ дахь геополитикийн нөхцөл байдал хурцдаж, НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Үүний хүрээнд Дани улс цэрэг татлагын системээ шинэчилж, бүсгүйчүүдийг ч албанд татаж эхлэхээр болсон нь ийнхүү анхаарал татаж буй юм.

Өмнө нь Данид эмэгтэйчүүд зөвхөн сайн дурын үндсэн дээр цэрэгт явдаг байсан. Харин одоо шинэ тогтолцооны дагуу эхлээд сайн дурын албан хаагчдыг сонгож, үлдсэн квотыг сугалаагаар нөхөх зохицуулалт нэвтрүүлж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн тоо шаардлагатай хэмжээнд хүрээгүй тохиолдолд заавал сугалааны арга ашиглах юм.

Цэрэг татлагын статистик ба ирээдүйн төлөв

2024 онд Дани улс 4700 орчим хугацаат цэрэг элсүүлсэн бөгөөд тэдний 24 хувь нь сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн байна. Шинэ журмыг хэрэгжүүлснээр 2033 он гэхэд жил бүрийн хугацаат цэргийн алба хаагчдын тоог 6500 болгохоор зорьж байна.

Дани армид одоогоор 9000 орчим мэргэжлийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд уг шинэчлэл нь нийт хүчний тоог нэмэгдүүлэх чухал арга хэмжээ гэж үзэж байна.

Хөрш орнуудын жишээг дагав

Дани нь Швед, Норвеги зэрэг эмэгтэйчүүдийг цэрэгт татаж эхэлсэн хойд хөршүүдийн туршлагыг судлан, ижил зарчим бүхий тогтолцоог хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сайн дурын алба хаагчид энэ шийдвэрийг дэмжиж, “Өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдлыг харвал цэргийн албыг зөвхөн эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд ч хүлээх шаардлагатай. Энэ бол эерэг өөрчлөлт” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment