Дани улс тэжээвэр амьтдыг махчин амьтдад хоол болгон хандивлахыг уриалжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дани улс тэжээвэр амьтдыг махчин амьтдад хоол болгон хандивлахыг уриалжээ

Дани улсын Аалборгийн амьтны хүрээлэн олон нийтийг тэжээж чадахгүй болсон жижиг амьтдаа махчин амьтдад хоол болгон хандивлахыг уриалжээ. Уг санаачилга нь цахим орчинд шуугиан дэгдээж, нэг хэсэг нь байгалийн хоол тэжээлийн хэлхээг дэмжиж байна гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь тэжээвэр амьтдыг “ангийн олз” болгон хувиргаж байна хэмээн эсэргүүцэж буй.

Тус хүрээлэнгийн мэдэгдэлд “Тахиа, туулай, усан гахай зэрэг нь манай махчин амьтдын хоолны чухал хэсэг. Байгаль дээрх хооллох зан үйлийг дуурайлган, бүхлээр нь – үс, яс, махтай нь – өгөх нь амьтдын сэтгэл зүй, бие махбодын эрүүл мэндэд чухал” гэжээ.

Хандивлагдсан амьтдыг эхлээд зөөлөн аргаар унтуулж, дараа нь арслан, бар, шилүүс зэрэг махчин амьтдад хоол болгон өгдөг байна. Энэ уламжлал хэдэн жилийн өмнөөс хэрэгжиж ирсэн бөгөөд Данид түгээмэл практик гэж Аалборгийн амьтны хүрээлэнгийн орлогч захирал Пиа Нильсен онцолжээ.

Гэсэн ч энэ төрлийн арга барил өмнө нь ч шүүмжлэл дагуулж байсан. 2014 онд Копенгаген хотын амьтны хүрээлэн эрүүл анааш Мариусыг цус ойртолтоос сэргийлэх нэрийдлээр унтуулж, дараа нь махчин амьтдад хоол болгон өгч байжээ. Тухайн үед олон мянган хүн эсэргүүцэж, гарын үсэг цуглуулсан ч шийдвэрийг зогсоож чадаагүй юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment