Дархан аварга Н.Батсуурь шүүмжлэл, аварга О.Хангай магтаал дагуулсан нь

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Н.Батсуурь О.Хангай

Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан цомын төлөөх” чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болж, зүүн жигүүрийг дархан аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг улсын аварга О.Хангай нар магнайлан барилдсан. Энэ удаагийн барилдаанд улсын болон аймгийн цолтон олон зодоглосноос сумын заан Д.Мөнхтулга, М.Мандахбаяр нар нэгийн даваанд аваргуудыг өвдөг шороодуулж, дэвжээнд багагүй шуугиан тарьсан юм.

Барилдааны дараа дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсандаа “Наадмаар ингээд унавал ямар олон хүн баярлах болоо, даана ч цол олгохгүй юм даа. Олон хүн баярлуулах сайн гэж байгаа” хэмээн бичсэнийг бөх сонирхогчид янз бүрээр хүлээн авч, шүүмжлэл дагууллаа. Харин энэ үгс нь хамгийн түрүүнд түүний төрсөн эгч, сэтгүүлч Н.Энхчимэгийн дургүйцлийг төрүүлсэн бололтой. Тэр дархан аваргын постын доор “Чи ч гэсэн аварга арслангуудыг унагаж гарч ирсэн. Үе гарч ирж байна. Том цолцонгуудыг давахад хүн бүр шинэ цаг ирж буйг хараад баярладаг. Наад хандлагаа боль” гэж нээлттэй анхааруулан бичиж, ахдаа сануулга өгсөн нь олон хүнд анзаарагдсан.

Нөгөө талд, улсын аварга О.Хангай нэгийн даваанд сумын заан Д.Мөнхтулгад унасныхаа дараа огт өөр өнгийн байр суурь илэрхийлэв. Тэр цахим орчинд дүүдээ хандан “Бахархлын өдрөөр бахдам сайхан барилдаж байгаа дүүд ахынхаа цолонд хүрээрэй гэж ерөөж, амжилт хүсье” хэмээн баяр хүргэсэн нь бөх сонирхогчид, үзэгчдийн талархлыг хүлээж, “ялалтад ч, ялагдалд ч дүү нараа дэмждэг жинхэнэ аваргын зан” гэж сайшаагдсан.

Ийнхүү нэг барилдааны үр дүн хоёр аваргын цахим хандлагаар дамжин эсрэг тэсрээр үнэлэгдэж, Н.Батсуурийн хошигнол өнгөтэй үг нь шүүмжлэл дагуулсан бол О.Хангайн дүүгээ огторгуй руу түлхэх мэт урам өгсөн үгс нь олон нийтийн магтаал, хүндлэлийг хүлээгээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй