Dawson’s Creek цувралын од Жеймс Ван дер Бик таалал төгсөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джеймс Ван дер Бик

“Dawson’s Creek” цувралын гол дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Америкийн жүжигчин Жеймс Ван дер Бик 48 насандаа таалал төгслөө. Түүний гэр бүлийнхэн энэхүү харамсалтай мэдээг олон нийтийн сүлжээгээр дамжуулан албан ёсоор мэдээлснийг The Hollywood Reporter сэтгүүл уламжилсан байна.

Жүжигчин Жеймс Ван дер Бик 2023 онд бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд өөрийн оношийн талаар 2024 онд олон нийтэд нээлттэй мэдээлж байжээ. Жеймс сургуулийн сурагч байхаасаа театрын жүжигт тоглож урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд 1997 онд “Dawson’s Creek” цувралын Доусон Лиригийн дүрд сонгогдож, зургаан улирлын турш Мишель Уильямс, Кэти Холмс нартай хамтран тоглосон юм. Тэрээр мөн “Rules of Attraction” болон “Jay and Silent Bob Strike Back” зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн билээ.

“Dawson’s Creek” цуврал дууссаны дараа тэрээр театрын урлагтаа эргэн орж, “How I Met Your Mother”, “Criminal Minds” болон “One Tree Hill” зэрэг алдартай шоунуудад зочин жүжигчнээр оролцож байв. Сүүлийн жилүүдэд түүний уран бүтээлийн жагсаалт “Pose”, “CSI: Cyber” цувралууд болон “Vampirina” хүүхэлдэйн киноны дуу оруулалтаар баяжсан байна. Жүжигчин Жеймс Ван дер Бик эхнэр Кимберли Брук болон зургаан хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд түүний Хизер МакКомбтой байгуулсан анхны гэрлэлт 2010 онд албан ёсоор цуцлагдсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй