Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехэд шөнө дунд гал гарсан ноцтой хэрэг гарлаа. Галын дуудлага 00:27 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах:
- 10 дугаар анги
- 14 дугаар анги
- 30 дугаар анги
- 18 дугаар анги
- 26 дугаар анги
- 63 дугаар анги
тус тус газар дээр нь очиж ажиллан, галын тархалтыг хязгаарлаж, бүрэн унтраажээ.
Харамсалтай нь, энэхүү гал түймрийн улмаас нэг хүн амь насаа алдсан байна. Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн энэ талаар “Ослын улмаас 53 настай эрэгтэй Х амиа алдсан нь үнэн. Талийгаач “ДЦС-3” ТӨХК-ийн ажилтан байсан эсэх нь тодорхойгүй байна” хэмээн мэдэгдлээ.
Одоогоор галын шалтгаан болон нөхцөл байдлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа бөгөөд албан ёсны дүгнэлт удахгүй гарах төлөвтэй байна.