2025 оны зургаадугаар сарын 2-ны өдөр 00:25 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн өндөр даралтын цехийн 9 дүгээр турбиний генератор шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Гал түймрийн дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн харьяа нийт зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж, томоохон хэмжээний хохирол учрахаас сэргийлжээ.
Тодруулбал, 50х230 метрийн талбай бүхий өндөр даралтын цехийн зүүн урд ханын хэсэг, дээвэр, мөн 9 дүгээр турбиний генератор бүрэн галд өртсөн байна. Эдгээр нь ДЦС-ын үндсэн тоноглолд тооцогддог бөгөөд генератор нь дулааны энергийг цахилгаан болгож хувиргадаг, цахилгаан станцын үйл ажиллагааны цөм болсон төхөөрөмж юм.
Одоогоор галын шалтгаан болон хохирлын хэмжээ албан ёсоор тодорхойлоогүй байгаа ч, мэргэжлийн байгууллагууд судалгаа, үнэлгээ хийж эхэлжээ. Гэнэтийн осол нь Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай байдалд нөлөөлж болзошгүй тул холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, эрсдлийг бууруулах арга хэмжээ авч эхлээд байна.
