Home Нийгэм“ДЦС-3”-ын ослын улмаас Улаанбаатарын төв болон Хан-Уул дүүргийн орон сууцнууд ирэх өвөл хөлдөх эрсдэлтэй боллоо

“ДЦС-3”-ын ослын улмаас Улаанбаатарын төв болон Хан-Уул дүүргийн орон сууцнууд ирэх өвөл хөлдөх эрсдэлтэй боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“ДЦС-3”

Зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехэд гал гарч, туршлагатай инженер амиа алдсан харамсалтай осол гарсан. Уг гал түймэр нь станцыг бүрэн зогсоох үеэр буюу засвар эхлэхээс өмнөх шөнө тохиолдсон бөгөөд системийн хохирол ноцтой түвшинд хүрээд байна.

Энэхүү ослын улмаас нийслэлийн төв болон Хан-Уул дүүргийн хэд хэдэн томоохон орон сууцны хорооллуудад ирэх өвөл дулаан хангамж 15 хувиар буурах эрсдэлтэй болж буйг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар онцлон анхаарууллаа. Тэрбээр, “2025 оны зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө «ДЦС-3» компанийн өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1,200–1,500 тонн халуун ус, 100 гигакал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал тасарсан. Үүний үр дүнд Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын академи, Хүннү хороолол, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал таун, Баруун 4 замаас Чингис зочид буудал хүртэлх төвийн бүсийн хэрэглэгчид хүнд нөхцөлд орж болзошгүй байна” хэмээн мэдээлжээ.

Хотын удирдлагууд өнгөрсөн жил эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд 200 МВт цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж, 2024–2025 оны өвлийг асуудалгүй давсан ч энэ удаагийн осол улсын хэмжээний аюул дагуулж байгааг анхааруулсан. Х.Нямбаатар “Эрдэнэт хүний амь эрстэж, улсын эдийн засагт томоохон хохирол учирлаа. Шинэ Засгийн газар энэхүү нөхцөл байдалд нэг өдөр ч алдалгүй анхаарах ёстой” гэж мэдэгдсэн байна.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өгсөн мэдээллээр осол гарсан тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж хэвийн горимд оруулахын тулд зах зээлийн өртөг нь 100 сая ам.доллар бөгөөд худалдан авч суурилуулахад наанадаж 24 сар шаардлагатай гэжээ.

Осол гарсан Өндөр Даралтын Турбин Цех нь 1976–1980 оны хооронд ЗХУ-ын Калуга хотын уурын турбины үйлдвэрт үйлдвэрлэсэн ПТ-25-90/10М загварын дөрвөн турбогенераторыг угсарч ашиглалтад оруулсан. Харин 2013–2014 оны VI шатны өргөтгөлөөр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанийн С-50/8.83-0.294 загварын турбогенератор суурилуулж, хүчин чадлыг 150 МВт болгон нэмэгдүүлсэн байна.

Холбогдох байгууллагууд ослын шалтгаан, хохирлыг нарийвчлан шалгаж буй бөгөөд ирэх өвөл нийслэлийн төвийн хорооллууд хөлдөх эрсдэлээс сэргийлэх шийдлийг яаралтай боловсруулах шаардлагатай болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.