Дэлхийн хамгийн урт настай Dungeons & Dragons тоглоом Гиннесийн номд бүртгэгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Dungeons & Dragons

Фэнтэзи төрлийн ширээний үүргийн тоглоом Dungeons & Dragons (D&D)-ийн нэг кампанит тоглоом 43 жилийн турш тасралтгүй үргэлжилж, Гиннесийн дэлхийн рекордын номд албан ёсоор бүртгэгджээ.

Medee.news-ийн мэдээлснээр, энэ гайхамшигт түүх 1982 оны 4-р сарын 25-нд эхэлсэн байна. Канадын Борден хэмээх жижиг хотын өсвөр насны хоёр хүү — Жефф Голдинг болон Роберт Уордхо — тухайн үед шинэлэг байсан D&D тоглоомыг анх хамтдаа тоглож эхэлжээ.

43 жилийн түүхтэй адал явдал

Эхэндээ зүгээр нэг хобби байсан тоглоом өдгөө тоглогчдын амьдралын нэг хэсэг болжээ. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж, шинэ баатрууд төрж, хуучин нь үгүй болдог байв. Роберт Уордхогийн гэрийн подвал жинхэнэ “D&D командын төв” болон хувирч, тэнд 30 мянга гаруй жижиг дүрс, хиймэл хот, цайз, газрын зураг байрладаг болсон байна.

Тоглоомын явцад 500 гаруй баатар солигдож, дотоод ертөнцөд 400 гаруй жил өнгөрсөн тооцоо гарчээ. Одоо тоглогчдын дийлэнх нь 50 гаруй нас хүрсэн, гэр бүлтэй, хүүхэдтэй, ажил мэргэжилтэй ч тэд тоглоомоо орхисонгүй. Тэд долоо хоногт хоёр эсвэл гурван удаа уулздаг бөгөөд хамгийн урт завсарлага нь хоёр долоо хоног байсан гэнэ.

Дэлхийн хамгийн урт настай Dungeons & Dragons тоглоом Гиннесийн номд бүртгэгдлээ

Домог болсон дүр ба түүх

Энэ урт настай түүхийн гол баатар нь Титаниус Болдуин хэмээх залуу дайчин. Тэр өөрийн сүйрсэн тосгоныхоо туурин дээрээс адал явдалд гарч, өшөөгөө авахын тулд мангасуудтай тулалдаж, агуйнд эрдэнэс эрж, хатуу ертөнцөд амьд гарахын төлөө тэмцдэг.

Энэхүү кампанит тоглоом тоглогчдын хувьд зөвхөн хобби биш — амьдралын нэгэн хэсэг, 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлийн түүх болж үлдсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй