NBA-гийн Бүх ододт тоглогч, “Рио-2016” Олимпын аварга, ДАШТ-ий алтан медальт Демаркус Казинс Монголын үндэсний дээд лигт дахин тоглох болсноо өнөөдөр өглөө сошиал хуудсаараа дамжуулан зарлалаа.
Тэрбээр өнгөрсөн улиралд түрүүлэхэд хүрч чадаагүй ч энэ улиралд “Сэлэнгэ Бодонс” багтайгаа дахин нэгдэж, аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ.
Казинс өмнө нь Монголыг орхихдоо сэтгэл хөдлөлтэйгээр:
“Монголын сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд, тэр дундаа “Сэлэнгэ Бодонс”-ын дэмжигчиддээ талархал илэрхийлье. Монголд өнгөрүүлсэн хугацаа богинохон байсан ч миний амьдралд мартагдашгүй дурсамж үлдсэн. Энэ улс, түүний өвөрмөц соёл, ард түмэн, үзэсгэлэнт байгаль надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Монгол Улс үргэлж миний зүрхэнд үлдэнэ” хэмээн хэлж байсан билээ.
Одоо тэр Монголд дахин ирж, багийнхаа хамтаар плей-оффын шатанд өрсөлдөхөөр болсон нь сагсан бөмбөгийн фэнүүдийн хувьд онцгой бэлэг болж байна.