Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны зах зээлд үнийн дарамт нэмэгдэж буй талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны үнийн өөрчлөлт болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар тайлбар хийсэн байна.
Түүний хэлснээр, Засгийн газар инфляцыг богино хугацаанд огцом өсгөхгүй байх зорилгоор шатахууны үнийн өсөлтийг үе шаттайгаар зохицуулах бодлого баримталж байгаа аж. Ялангуяа дизель түлшний хувьд зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан 1000-1500 төгрөгөөр өсөх эрсдэл үүссэн тул үүнийг зөөлрүүлэх арга хэмжээ авч буйг онцолсон байна.
Энэ хүрээнд дараах шийдвэрийг гаргажээ:
- Дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэх
- АИ-95 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмэх
- Үнийн өөрчлөлтийг үе шаттай хэрэгжүүлэх
Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт хэвээр байгаа бөгөөд үнийн өөрчлөлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн аажмаар хийхээр төлөвлөжээ. Энэхүү зохицуулалт ойрын өдрүүдэд хэрэгжиж эхлэх юм байна.
Мөн Монгол Улсад АИ-92 шатахууны хэрэглээ давамгай байдаг тул дизель болон АИ-95-ийн үнийн нэмэгдэл инфляцад шууд огцом нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгааг Б.Дашпүрэв тодотголоо.